Г. Одхүү:“Залуус бидний дотор маш их эрч хүчтэй,тэмцэгч чанар байдаг"

Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

         Намайг Ганхуягын Одхүү гэдэг,  25настай. Отгонтэнгэр их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхлээд удаагүй байгаа. Өөрийнхөө сонирхлыг дагаж энэ ажилдаа ханцуй шамлан ороод байна даа. 2018онд хамгийн анх модоор юм хийж байсан. Тухайн үед өөрийнхөө хийж чадах, хийхийг хүсч байсан зүйлээ олж байгаа юм шиг санагдаж байлаа. Тэрнээс үүдээд өөрийн гэсэн урлантай болох, брендтэй болох зорилгоо биелүүлэхээр зориг шулуудсан юм.

Хэзээнээс уран бүтээлээ эхэлсэн бэ?

2020 оны 9 дүгээр  сард анхны ажлаа эхэлж байсан. Гэр бүл, дотны хүмүүсийн урмын үгтэй, сэтгэл дүүрэн эрч хүчтэй эхэлж байлаа. Анхны бүхэн маш дурсамжтай байдаг шүү дээ. Анхны захиалга аа гүйцэтгээд хүргэж өгөх, анхны лого шошгоо хийлгээд постер бэлдэх гээд л. Цар тахлын нөхцөл байдал тийм ч хүндрээгүй байсан. Анхлан үйлчлүүлэгчиддээ танигдаад, алдаан дээрээ суралцаж байсан. Гэвч төр засгийн шийдвэр үнэхээр гэнэтийн байсан л даа. Өнгөрөгч саруудад хөл хорионд ажил дээрээ материалгүй, захиалгагүй өнгөрөөсөн өдрүүд зөндөө байсан. Байдал яаж ч эргэсэн энэ хүнд үеийг даваад гарчихвал өвчин тахал намдаад, бизнес маань буцаад өргөжнө гэсэн итгэлээ алдаагүй л хөдөлмөрлөж явна.

Иргэд үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн дэмжиж байна вэ?

Манайхан дэмжихийг их эрмэлздэг. Модон эдлэл сонирхдог хүмүүс, шинэлэг эко хэв маягийг эрхэмлэдэг гэрийн эзэгтэй, албан байгууллага гээд л. Нэг удаа захиалсан хүмүүс маань ойр дотнынхондоо танилцуулна. Тэдгээр нь холбогдоод, бас цааш нь түгээгээд маш их эерэг эргэх холбоотой байдаг. Иргэд маань ар гэр, албан байгууллагын соёл, хэрэглээ, эрүүл мэнд, загвар өнгө үзэмжид аягүй анхаардаг болсон нь харагддаг. Би ч мөн үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүйн  тулд үргэлж шинэчлэгдэж, алдаагаа засч ажилласаар байна.

Төр засгийн шийдвэрүүд тань шиг гарааны бизнес эрхлэгч залууст хэрхэн нөлөөлж байна вэ?

Үүн дээр жаахан сэтгэл дундуур явдаг юм. Цаг үеийн байдалд үнэхээр оновчтой шийдвэр гаргаагүй гэж харж байгаа. Хориод л, болиод л... Эцэст нь өнөөдөр тэр урт хугацааны хөл хорио нь ямар ч үр дүнгүй болж таарлаа шүү дээ. Над шиг маш олон жижиг дунд бизнес эрхлэгчид материалгүй, эргэлдэх хөрөнгөгүй хэсэг хугацаанд нам зогссон тэр хугацаа бол үнэхээр алт. Бүтээгч, үйлдвэрлэгч хүнд өчүүхэн хором ч үнэтэй. Гэтэл эргэж буцаж янз бүр болж байтал бүтэн жил тойрчихсон. Маш олон иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид, чөлөөт уран бүтээлчид өнгөрсөн хугацаан дахь шийдвэрүүдэд бухимдангуй ханддаг.

          Яг энэ үед нийгмийн сэтгэлзүйгээ дэмжих ёстой. Хийж бүтээх сэтгэлээр дүүрэн байгаа залуусаа дэмжих хэрэгтэй. Бид хамгийн сүүлд л вакцинд хамрагдах байх. \инээв.\Нийгмийн пирамид дээрээсээ эхлээд вакцинжуулж байгаа шүү дээ. Тэгэхээр бид яг л сүүлд нь болж таарч байгаа. Эрүүл сайхан цаг тун удахгүй ирэх байх. Залуус бидний дотор маш эрч хүчтэй тэмцэгч чанар байдаг. Гэхдээ үргэлж зөв зүйлд, зөв зүг рүү байдаг даа.

Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

 

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ