Улсын санд худалдаж авах шилдэг гурван бүтээл тодорлоо

Засгийн газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын дагуу 2024 онд улсын санд худалдан авах шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.

 

Энэ жилийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд уран зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляц, холимог техникийн нийт 118 уран бүтээлчийн 149 бүтээл ирснээс улсын санд худалдан авах шилдэг бүтээлийг хоёр үе шаттайгаар шалгаруулсан юм. Эхний шалгаруулалтад тэнцсэн 58 шилдэг бүтээлээр “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнг толилуулсан бол хоёрдугаар шатны шалгаруулалтаар улсын санд худалдан авах гурван шилдэг бүтээлийг шалгаруулж олон нийтэд танилцуулав.

 

Тэргүүн байрт уран бүтээлч Д.Дорждэрэмийн 2024 онд бүтээсэн “Орон зайд” хэмээх бүтээл шалгарчээ. Тэгвэл зураач Г.Төмөрийн 2023 онд бүтээсэн “Ханбаянзүрх хайрхан” уран зургийг улсын санд авахаар боллоо. Түүнчлэн залуу уран бүтээлч Э.Жанцанхоролын “Хадгалагдсан зовнил” бүтээл нь шилдэг гурван бүтээлийн нэгээр тодров.

 

Үүнээс гадна Монголын уран зургийн галерейгаас “Оны шилдэг бүтээл 2024” үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээг өргөтгөх, үзэсгэлэнгийн нэр хүндийг дээшлүүлэх, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор үзэгчдийн таашаал хүртсэн нэг бүтээлд нэрэмжит шагналаа олгожээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг залуу уран бүтээлч Г.Мөнхболор “Зүүдний хүрд”-ээрээ авсан байна. Ингэснээр тэр уран зургийн галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрхтэй болж, уран барималч Б.Ганбаатарын урласан хүрэл цомын эзэн болов. 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин