Анхны хайрынхаа дугаарыг 1000 нэгжээр солив

Анхны хайр бүтдэггүй гэдэг, яг яахаар нь бүтсэн гээд, яахаар нь бүтээгүй гэдгийн бол? тэр зааг нь юу вэ? Амьдрал зохиож чадаагүй ч аз жаргалтай байсан хугацаандаа л бүтсэн л гэж боддог. Магадгүй амьдрал зохиож цааш нь хамт байгаагүйгээрээ анхны хайр ариухан, бас нандин дурсамж байж чадах байх. Би ч бас хүн л юм болохоороо анхны хайртайгаа учирсаан. Даанч бүтээгүй. Үнэндээ ихэнх хүмүүсийн анхны хайр арван жилийн аравхан хэдэн насанд нь учирсан байдаг юм билээ.
Харин миний анхны хайр их сургуулийн нэгдүгээр курст байхад надад ирсэн юм даг. Анх оюутан болсон хүмүүс яадаг л билээ дээ. Найз нөхөдтэйгээ байнга уулзалдана, оюутан болсны дараах зовлон жаргалаа хуваалцдаг шүү дээ. Би МУИС-д сурдаг байлаа. Харин найзууд МУБИС-т. Тийм болохоор би хичээлээ тараад л ёс юм шиг МУБИС руу харайлгадаг байсан даа. Бараг л хоёр сургуульд сурдаг юм шиг байсан гэхэд болно. За гол юм аа ярья. Нэг өдөр найз маань яриад манай сургуулийн урлагийн үзлэг болох гэж байна. Хамт үзий гэдэг юм байна. Би ч дуу хуур, урлагт дуртай юм болохоороо уухайн тас л зөвшөөрлөө. Тэгээд очоод суудлаа эзлээд сууж байтал тэр урлагийн үзлэгийн хөтлөгч гэх хөөрхөн цагаан ах гарч ирээд л ярьж гарлаа. Дуу хоолой, ярианых нь өнгө аяс яаасан ч гоё юм бэ дээ. Би ч зүгээр шохоорхоод л тэрүүхэн үедээ гоё ах байна гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл маргааш нь дахиал МУБИС-ийн үүдэнд найзыгаа хүлээгээд сууж байтал өнөөх ах гараад ирдэг байгаа. Тэгээд л би шууд дурласан. Тэгээд найзаасаа асуусан чинь дөрөвдүгээр курсийнх, тэгээд бүр оюутны зөвлөлийнх нь дарга хийдэг гэнэ. Түүнээс хойш түүнийг л харах гэж МУБИС руу явдаг боллоо.
Харамсалтай нь тэр намайг таних ч гүй. Уур хүрч, уушиг сагсайгаад, унтаж ч чадахгүй үнэхээр хэцүү байсан. Жинхэнэ дурлал гээч нь энэ байх. Би ер нь даруухан талдаа, тэгээд ч эрэгтэй хүн гуйхгүй гэсэн бодолтой байсан хүн шүү дээ. Гэтэл дурлалтай учирсан хүн яаахаас ч буцахгүй болдог юм бил ээ. Би тэрний утасны дугаар , нэрийг нь мэдэх гэж үхтлээ явсан юм даг хэ хэх. Тэгээд олохдоо яаж олсон гээч. Нэг таньдаг хүүхдэдээ 1000 нэгж авч өгч байгаад авсан шүү. Бас л их зориг, чармайлт гаргасан байгаа биз дээ. Тэгээд би шууд мессеж бичлээ. Зөндөөг бичсээн. Харин өнөөх ах маань гүрийсний эцэст над руу нэг мессеж бичсийн. Тэр нь “Би эхнэр гурван хүүхэдтэй” гэж. Хэ хэх. Гэхдээ гурван хүүхэдтэй гэдэг нь худлаа л даа. Харин эхнэртэй байсан байж магадгүй л юм.
Би гэж хүн ингээл хөөрсөн сэтгэлээ татаж авахаар шийдсэн ч чадахгүй байсаар л байсан. Тэгээд хавар улсын шалгалт энээ тэрээ гээд жаахан завгүй болоод арай гайгүй, бодохоо больж байтал нэг өдөр найз утасдаад “Нөгөө ахын чинь хонхны баяр болох гэж байна. Ирж хараач гэх нь тэр. Би ч баяр хөөр болсон хүн явах гэж байтал бас нэг найз маань коллежээ төгсөж байгаа өдөр нь давхцаад намайг зураг аваад өгөөч гээд гуйгаад салсангүй. Ядаж байтал намайг апараттайг мэддэг, тэгээд миний найз болохоор яаж ч татгалзаж чадаагүй. Тэгээд гялс очоод зургийг нь дарж өгчихөөд явчий гэж бодсон ч амжаагүй. Хамаг байдгаараа гүйсээр иртэл МУБИС-ийн хонхны баяр аль хэдийн дуусчихсан, хонхны баяраас үлдсэн хог шороо л намайг угтсийм. Тэр үед би нээх их уйлж билээ. Урьд нь эрэгтэй хүнээс болж нулимс дуслуулж үзээгүй хүн шүү дээ, би. За ингээд л тэр өдөр миний анхны хайр бүтэлгүйтсэн гэж хэлж болох юм даа.
Харин одоо би сургуулиа төгсчихсөн. Сэтгүүлч хүн болохоор олон хүнтэй уулзаж учрах хэрэг гардаг л даа. Тэгээд ажлын шугамаар анхны хайртайгаа уулзсан л юмдаг. Азтай шүү. Түүнийхээ өөдөөс харж суугаад, юм асууж, тэр маань инээмсэглэн хариулж байсан нь санаанаас гардаггүй. Оюутан насандаа дарга хийж явсан хүн болохоор бас л нэг газрын дарга болчихсон байна лээ. Миний сэтгэл урьдных шигээ догдлоогүй ч гэсэн сэтгэлийн гүнд нэг тийм шарх байсаар л байсан нь надад мэдрэгдсэн. Хэрвээ намайг урьд нь харсан байсан бол таних л байсан байх. Үгүй ч байж магад. За, за зүгээрээ. Хэ хэ. Харин дараа дахиад уулзвал би хэлнээ гэж боддийн. Ямартаа ч миний анхны хайр болж, миний жижигхэн, ариухан зүрхийг догдлуулж, надад хайр гэж юу байдгийг мэдрүүлж чадсан тэр хүндээ би одоо хүртэл баярлаж явдагийм.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ