Нийтийн бие засах уу, нийтийн хоолны газар уу

Улаанбаатар сая хол давсан хүн амтай болж, улсынхаа хүн амд харьцуулсан үзүүлэлтээр дэлхийн том хотуудтай энэ зэрэгцээд байгаагаас биш бусдаараа бол хол хаягдсан. Ямар сайндаа л нийслэлд нийтийн бие засах газар байхгүй, хүмүүс нь хаа тааралдсан газраа “морь харж” байх вэ дээ. Нийтийн бие засах газар улс орны шийдчихэж болох наад захын ажил юм.
Нийтийн бие засах газар нэг үеээ бодоход нэмэгдсэн шүү хөөрхий гэж хэлэх хүн байгаа байх. Энэ чинь юу ч биш ээ. Хэдэн арван автобусны буудлын зайтай барьсан нэг дор 6-7 хүн орох багтаажтай цэгээр яанам бэ.
За тэгээд дээрээс нь мөнгө хураана, тасалбар таслана. Бие хөнгөлөхдөө хүртэл мөнгө төлнө гэхээр хэцүү л байна шүү дээ. Алхаж гишгэх бүр үнэгүй юм үгүй энэ нийгэмд ядаж бие засахдаа мөнгө төлөхгүй байх юмсан.
Сүүлийн хэдэн жил цөөн тооны нийтийн бие засах газар барьсан нь хаанаа ч хүрэлцдэггүй. Заримыг нь бүр хүн олохооргүй нууц газар барьчихсан байгаа юм. Дээрээс нь монголчуудад биш гадныханд зориулагдсан юм шиг “City toilet” гэсэн хаягтай гэж байгаа. Хөдөөнөөс ирсэн, ер нь хөдөө гэлтгүй хотын англи хэл мэдэхгүй хүмүүс ойлгох нь байтугай уншиж чадахгүй биз.
Тэгээд дээрээс нь нийтийн бие засах газар биш өөр үйл ажиллагаа явуулдаг мэт ойлгож болохоор байна. Гаднаа элдэв реклам, байршуулчихна. Нийтийн бие засах газрын үүдэнд томоос том нийтийн хоолны газрын сурталчилгаа, эсвэл паркетан цонх, хаалга хийнэ гээд биччихсэн байна гээд бод доо.
За яахав “City toilet”-ууд нь мөнгөө авдаг юм байж. Гэтэл олон нийт үйлчлүүлдэг үзвэр үйлчилгээний газрууд арай дэндэж байна. Өчнөөн олон мянган хүн нэг үзвэр үзэх гэж доод тал нь 8000-10000 төгрөг төлж орж байгаа. Гэтэлноолийнх нь үүдэнд сандал тавиад суучихсан эгч нар. Мөнгө хураагаад л. Гадны иргэд бас л үзвэр, кино ший үзнэ. Гэтэл ноолийнх нь үүдэнд суугаа хүнийг хараад юу гэх бол. Цочих биз, бараг.
Яагаад гэхээр нийтийн бие засах газрынхаа асуудлыг хэдийнэ шийдчихсэн орнуудад дэлгүүр, оффис, метро, олон нийтийн газар, албан байгууллагуудын “00” бүгд олон нийтэд үнэгүй үйлчилдэг. Хэн ч нийтийн бие засах газраар үйлчлүүлэхдээ төлбөр төлдөггүй. Дээрээс нь өнөөх бие засах газар нь цэвэрхэн, тухтай гэж жигтэйхэн. Ер нь аль ч оронд бие засах газар зөвхөн бие хөнгөлж, гараа хагас дутуу угаадаг нэр төдий газар биш. Иргэд амралтын өрөө гэсэн сэтгэлгээгээр хандаж, тухайн байгууллага, дэлгүүр, оффис ч үйлчилгээндээ ихэд анхаардаг. Хэрэв та нийтийн бие зacax газрынхаа асуудлыг шийдсэн улс орнуудын “00”-оор үйлчлүүлбэл ариун цэврийн цаас, саван, гарын алчуур, суултуурын суурь, цаасыг хангалттай хэрэглэж болно. Мөн тэнд бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хэрэгцээг давхар шийдсэн байх жишээтэй. Гэтэл өчнөөн их мөнгө олдог баян компаниуд маань нийгмийн хариуцлагаа ухамсарлаасай. Арай л даварч байна.
Тухайлбал “Өргөө” кино театрын нооль 300 төгрөгийн үнэтэй. Бусад мөнгө авдаг газруудтай харьцуулахад харьцангуй өндөр үнэ шүү. Мөнгө авдаг байлаа гээд 150-аас хэтрүүлээд байхдаа яахав. Үүдэнд нь мөнгө хурааж байгаа эмэгтэйтэй хэдэн үг солилоо.
-Танайх яагаад төлбөр авч байгаа юм бэ, мэдээж танайхаар үйлчлүүлж кино үзэж байгаа хүмүүс энэ нооль руу үнэгүй орох ёстой шүү дээ?
-Манайд кино үзэж байгаа хүмүүс нь үнэгүй л ордог шүү дээ.
-Тэгээд хэнээс мөнгө хурааж байгаа юм?
-Гаднаас орж ирж байгаа хүмүүсээс.
-Ер нь кино театр руу орж ирж байгаа л бол ямар нэгэн кино үзэхээр яваа биш үү?
-Кино үзэхээр ирсэн бол тасалбараа харуулаад үнэгүй ордог.
-Бие засахаараа тасалбараа үзүүлнэ гээд хадгалдаг хүмүүс хэр их байх вэ, ихэвчлэн хаячихдаг. Энэ үед яах ёстой вэ?
-Тасалбаргүй бол тэгээд л мөнгөө төлөөд орно. Өөр яахав дээ.
-Танай төлбөр бусад үйлчилгээний газруудтай харьцуулахад хэтэрхий үнэтэй биш үү?
-Цаанаас нь ингэж тогтоож өгсөн. Би чинь ажилчин нь. Яаж мэдэхэв дээ.
Иргэн Г.Туяа: Хаширчихсан
-Та гадуур явж байхдаа хаана бие засдаг вэ?
-Ер нь бол хаширчихсан. Гэрээсээ гарахаасаа өмнө бие засаад, шингэн зүйл уухгүйгээр гараад ажил төрлөө зохицуулж байна. Тэгэхгүй бол нооль олдохгүй ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн үлгэр болно шүү дээ.
-Энд тэндхийн албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газрууд 00-ийн төлбөр гэж 100-300 төгрөг авдаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Мэдэхгүй юм даа. Уг нь үйлчилгээний газрууд ядаж бие засах газраа үнэгүй байлгаж үйлчлүүлэгчдээ өөртөө татдаг баймаар юм. Гэтэл харин ч өндөр үнэ хэлээд л, урдаас мөнгө нэхээд байдаг.
Ийм л байна. Тэгээд мөнгө төгрөггүй ч юм уу, мөнгөтэй байлаа ч бие засах газар хайгаад эцэст нь аргагүйдэхдээ гадаа, байшингийн булан тохойд "учраа олдог" тохиолдол их. Тиймээс Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээг хангахуйц бие засах газартай болчихоод эргээд иргэдээс дорвитойхон хариуцлага нэхвэл яасан юм бэ. Улс орон бүрт энэ мэт асуудал тулгардаг. Гэвч цөөнгүй орон энэ бүхнийг шийдэж чаджээ. Уг нь манайх заавал улсын төсвөөс мөнгө зарж, тусад нь газар гаргуулан нийтийн бие засах газар барих нь тийм ч оновчтой арга биш гэдгийг иргэд хэлдэг. Нийтийн бие засах газар гэж тусгай газар гаргаж байхаар хотод өдөр бүр шахуу шинээр ашиглалтад орж буй барилгуудад газрын зөвшөөрөл олгохдоо заавал нийтийн бие засах газартай байх ёстой, тэгээд тэр нь үнэгүй үйлчилдэг байхаар зохицуулахад л хангалттай.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ