Шударга шүүх иргэний итгэл, бахархлаар хэмжигддэг

Шүүхийн шинэчлэл нийгмийн шинэчлэлийн зүрх нь

Нийслэлийн жирийн иргэний хувьд шүүхийн шинэчлэлийн талаар санал, бодлоо хуваалцахаар шийдсэнээ юуны өмнө хэлэх нь зөв байх. “Шүүхийн ажилтнаас шорон үнэртдэг” гэчихээд зохиолч Василий Шукшин шоронд илгээгдэж байсан түүхтэй. Тэр цагийн Оросын шүүх тийм байж. Тэгэхээр манай шүүх ч тиймэрхүү байсан болов уу. Тийм цаг одоо өнгөрсөн нь үнэн. Тэгэхдээ л шүүхэд нэг “юм” байдаг. Тэр бол иргэдийн эргэлзээ юм. “Та шүүхэд хэр итгэдэг вэ” хэмээн асуувал одоо ч тээнэгэлзэх хүн бий. Тиймээс шүүхийг шинэчлэх болсон биз. Бас нэг шалтгаан нь социалист гэх нийгмийн нөлөө, сэтгэхүй бүрэн арилаагүй, шүүх засаглал нэлээд хараат, улстөржсөн,үзэл сурталжсанд орших мэт. Ардчилсан, чөлөөт эдийн засагтай орон болсны хувьд өөрчлөлт, шинэчлэл зайлшгүй нь тодорхой. Хүчтэй төртэй байхын тулд шударга хуультай, түүнийг хэрэгжүүлдэг тийм шүүхтэй байх нь мэдээж. Шүүх шударга байвал нийгэм дагах нь дамжиггүй. Шүүхийн шинэчлэл нийгмийн шинэчлэлийн зүрх нь гэхэд хилсдэхгүй. Энэ талаас нь харвал бид нэлээн хоцорсон санагддаг. Нийгэм шинэчлэгдээд 20 гаруй жил болчихоод байхад, шүүх нь хэвээрээр үл барам, одоо л ярьж байна гэдэг яаж ч бодсон учир дутагдалтай л даа. Манай шүүх ямар байдлаар явж ирснийг бид өөрсдөө сайн мэднэ. Өдөр болгон л зурагтаар гарч, сонинд нийтлэгддэг сэдэв л дээ. Жишээ нь, шүүх засаглалд хамгийн түрүүнд улстөрийн хүчнүүд нөлөөлдөг. Тэгээд өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гар ордог. Хөрөнгөтэй хүмүүс бараг дийлдэхгүй. УИХ, Засгийн газрын гишүүдээс өчнөөн хүн авлигын болон бусад хэрэгт холбогдоод прокурор, шүүх бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-д тавихад яаж ийгээд хаацайлаад өнгөрдгийг эрхбиш иргэд гадарлана. Бас нэг хачин жишээ бэлхнээ бий. Тэр жилийн буюу 2008 оны долдугаар сарын нэгэнд болсон үйл явдлын дараа 235 хүн ял авсан гэдэг. Тэднийг зүгээр л тав, зургаа, долоогоор нь хоморголон оруулаад, бүгдэд нь ижил шийтгэл оногдуулсан гэх юм билээ. Зүйл анги, энэ тэр ч байхгүй шахам шүү.

Энэ нь шүүх засаглал өөрөө дарамт, хараат байдалд байгаагийн жинхэнэ амьд жишээ. Үүнээс салъя гэвэл шүүхийн шинэчлэл зайлбаргүй. Нэг үгээр хэлбэл, түүнээс зайлах, бултах нүхгүй гэсэн үг. Одоо шинэчлэлийн талаар ид шуугиж байна. Таг дуугүй байснаас хамаагүй дээр ээ. Эзэн богд Чингис хаан маань “Алтан төрийг хатамжлан дагавал ариун нэр ирнэ” хэмээн сургажээ. Төрөө хүндэлж, тэр хэрээр хууль ёсоо сахихыг ийнхүү анхааруулсан буй за. Иргэд шүүхэд итгэдэг болоод, түүгээр бахархаж эхэлбэл сайн бас сайхансан. Өөрөөр хэлбэл, шударга шүүх иргэний итгэл, бахархлаар хэмжигддэг гэсэн үг. Тэр цагт бид шүүхээ шинэчилж чадлаа хэмээн ам бардам ярих биз ээ.

Энэ талаар багц зургаан хууль баталсан билээ. Хууль олондоо биш. Гэхдээ хэд, хэдтэй байхад учир бий. Шүүхэд өнөөдөр хийж буй шинэчлэл, түүнтэй холбогдох хуулиуд өмнөхөөсөө зарчмын ялгаатай, олон улсын жишиг, эрх зүйт төр дэх шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, төлөвшүүлэхэд шууд чиглэсэн гэхэд хилсдэхгүй. Жирийн иргэний хувьд тэгж санадаг бүлгээ.

Ингэснээр шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод, тунгалаг байдлыг хангах, захиргааг нь бие даалгах, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохицуулах, ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх зэргээр олон эерэг, нааштай үр дагавар гарах нь зүй. Тэр нь эргээд хүний эрх, эрх чөлөөний баталгаа, шударга ёс нөхцөлдөх үндэсболох юм. Шүүхийн шинэчлэлийг иргэд, шүүхийн ажилтнууд, хэн нь ч, бүр эгэл би хүртэл тэсэн ядан хүлээж байлаа. Хэрэгт холбогдохоос эмээсэндээ бус, хэрэгт холбогдогсдод санаа зовсондоо тэр шүү. Иргэн, эцэг, ахмад хүний сэтгэлийн эмзэглэл гэсэн ч болно.

Шүүгчийг гол судасны мэс засалч мэт мэргэшүүлбэл зохино

Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхийн тулд 40 шахам дүрэм, журам шинэчлэн боловсруулсан гэх тоо үзэв. Шүүхийн шинэчлэлд онцгой яригдах нэг зүйл бол яалт ч үгүй шүүгчийн орон тоо билээ. Орон тоо нь нэмэгдэхээр ачаалал нь буурна. Ачаалал багасахаар ажил нь сайжирна. Танхимийн хуралд “нөхөн суух”, биенээ орлох нь багасна.

Шүүгчдийг бид бараг хүн биш, ажлын мал болгонгоо алджээ. Тэгээд шударга, хүнд сурталгүй байхыг шаардахыг нь яана. Дааж давшгүй ажилтай хүнийг үнэнч бус, хүнд сурталтайгаар цоллох нь яав ч шударга хэрэг биш. Шүүгч гэхээр л бүхний өмнө бөхөлзөж байх албагүй. Хуулийн дагуу хөдөлмөрлөж яваа Монгол Улсын нэгэн иргэн ш дээ. Иргэд үүнийг ойлгодоггүй байсан юм. Шүүгчид мэргэших, дагнах болсон нь ч нааштай үзүүлэлт. Хамаг юмыг холиод суух хэцүү ш дээ. Монгол Улсад шүүгч хэмээх албатай хүн 439 гэсэн тоо харагддаг.

Тэд жилдээ 60 гаруй мянган хэрэг шийддэг гэх. Нэг хүнд жилд 100 гаруй хэрэг оногдном бус уу. Нэг хавтаст хэрэг хэдэн хуудас байдгийг мэдэхгүй юм. Бүхэл бүтэн хэдэн роман лугаа нь ч бий л байх. Шүүх, шүүгчийг төрөлжүүлэх болсон нь зүйн хэрэг. Мэргэжлийн ур чадвар өсөхөд нэмэртэй байх. Тэр чиглэлээр дагнан ажиллаж, мэргэжлээ дээшлүүлээд явахад дөхөмтэй. Толгойгоо ойр, ойрхон цэнэглээд байх боломж ч гарна. Бүр гол судасны мэс засалч мэт мэргэшүүлбэл зохино. Мэс засалчийг манайхан мэргэшүүлэхдээ зүрхний, тархины гэдэг.

Гэтэл хөгжилтэй оронд бүр зүрхний зөвхөн гол судасны мэс засалч болтол нарийсгадаг ажээ. Яг түүн шиг. Хуулийг хэрэгжих явцад бус, угтуулан тайлбарлах гэсэн заалт орсон нь иргэдэд нэлээд таалагдаж байна лээ. Шүүхийн талаар үнэн, зөв мэдээлэлтэй болно гэсэн үг. Үүнээс илүү хүчтэй зэвсэг хаана байх вэ. Иргэд хуулийн мэдлэг, мэдээлэлгүйгээс хохирох нь элбэг. Асуудал гарвал зөв замаар нь явах багцаатай болно.

Шүүхийн шинэчлэлийг боловсролоор дамжуулан хэрэгжүүлье

Эндээс үндсэн сэдвээсээ ялимгүй халья. Иргэдэд шүүхийн боловсрол яаж олгох вэ. Уг нь иргэд хуулийн талаар өөрийн хэмжээгээр ойлголттой байх үүрэгтэй. Тэгж чаддаггүй нь даан ч харамсалтай. Нэлээд боловсролтой сэхээтнүүд тэр талаар тун ядмаг байхыг би амьдралаас мэднэ. Бүр гомдмоор нөхөд ч таардаг юм. Өнөөдөр хэрэгжиж буй хориод хуулиас ядаж өөрт хамаатайг нь сөхөөд харчихмаар даа. Ерөнхий боловсролоор л дамжуулж өгөх хэрэгтэй болов уу.

Гэтэл ерөнхий боловсролын ямар ч сургуулийн хичээлийн хөдөлбөрт энэ талаар өнөөдөр лав байхгүй. Тоймловол, бага насны хүүхдэд “болохгүй”-г ойлгуулахад л болно. Сургуулийн бага насныханд “буруу”-г хийвэл хариуцлага/ял биш/-тайг ухааруулъя. Дунд ангийнханд “хууль байдаг”/бас ял биш/-ийг сэхээрүүлье. Ялын талаар бага насныханд хэлэх дэмий байж мэднэ. Тэд их сониуч. Ахлах ангийнханд харин хууль бий, зөрчвөл харицлага хүлээнэ, бүр ялтайг ч хэлье. Үндсэн болон Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хуулийн талаар дорвитой ойлголт өгвөл зохино. Зэрэгцүүлээд Эрүүгийн хийгээд холбогдох бусад хуул/багц хууль/-ийн мэдлэг олговол таарна.

Хичээлийн хөтөлбөрт нь тусгах, ядахдаа л жилд нэг удаа энэ сэдвээр бие даасан хичээл орох гэх мэт. Түүнээс цааш хэрхэхийг өөрсдөө мэднэ биз. Шүүхийн шинэчлэлийг боловсролоор дамжуулан хэрэгжүүлнэ гэсэн хэрэг. Эргээд сэдэвтээ оръё. Шүүхийн тухай багц хуулийг сурталчлахын тулд өдөрлөг 70 орчим, сургалт 130-аадыг зохиожээ. Үүнд нь хэвлэл мэдээллийнхэн ч идэвхитэй оролцох хэрэгтэй. Бид хэвлэлээс л мэднэ шүү дээ. Багц хуулийн талаар зарим хэвлэл үе, үе тайлбар өгдөг болсон нь тун дажгүй. Шинэ хуулийн эргэлзээтэй заалтуудыг детальчлан тайлбарлах хэрэгтэй. Ялангуяа мэргэжлийн хүний товч, тодорхой, энгийн тайлбар юунаас ч чухал байгаа юм.

Хуулийг уншаад ойлгох зарим талаар хүнд ш дээ. Салаа утгатай, хэтэрхий мэргэжлийн хэлтэй бол хэцүү. Тиймд тайлбарыг чухалчлав. Нэг хачин зүйл бас сонсогддог юм. Монголын шүүх улсын төсвөөс нэг хүрэхгүй хувь авдаг гэж. Эхэндээ итгэдэггүй байв. Тэгтэл үнэн байж. Үүнийг өнгөрсөн оноос өөрчилж чадсан нь сайшаалтай. Энэ оны төсөвтөө УДШ-ийн Ерөнхий шүүгчийн багцыг бараг найм, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын багцыг 60 гаруй тэрбум төгрөгөөр батлуулсан нь амжилт юм. Харамсалтай нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс Хууль зүйн байнгын хороо нэг тэрбум 46 сая төгрөг танасан сурагтай. Төсвийн хөөсрөлтийг арилгахаар бүх төсвийг тэгж байгаа хойно яая гэхэв. Ер нь төсвөө өөрсдөө боловсруулснаар шүүгчдийн цалин нэмэх, шүүгч, ерөнхий шүүгчийн цалин тогтоох боломж гарчээ. Өмнө нь шүүгчийн цалин ямар байсныг бодох хэрэг алга.

Цалингийн сүлжээнд л байсан биз дээ. Одоо харьцангуй боломжийн хөлс авах болсон нь ч дэвшил мөн. Шуудхан хэлчихэд, бараг гурав дахин нэмэгдсэн гэсэн байх шүү. Урамшууллыг орхиж огт болохгүй. Урамгүй хүн юу сэдэж, хийх билээ. Мөнгөтэй хүмүүстэй харьцахад цалин, урамшуулал нөлөөтэй нь хүссэн ч, эс хүссэн ч ойлгомжтой. Өндөр цалинтай, шагнал урамшуулал сайн авдаг шүүгч асуудалд орооцолдох нь яаж ч бодсон бага л даа. Цалин гэснээс Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө өөрсдөө боловсруулдаг бас нэг ахиц гарчээ. Ингэх нь хараат бус байхын бас нэгэн томоохон алхам мөн. Энд нэгэн судалгааны тухай өгүүлье. Шүүгчид ажлаа хэрхэн гүйцэтгэж байгааг 2009 онд судалсан байна. Түүний дүнгээс үзвэл, шүүгчдийн ажлыг хангалтгүй, өөрчлөх ёстой гэсэн нь 80 гаруй хувьтай гарчээ. Энэ нь ажиллах орчин, хууль хэрэгжих механизм ямар вэ, хариуцлагын тогтолцоо бий эсэх, эдийн засаг нь ямар болох, ур чадвар нь хэр юм бэ гээд олон зүйлээс шалтгаалж таарна. Тэгсэн ч байх. Ерөнхийдөө шүүгчийн цалин өсөх тутам авлигын индекс буурна гэдэг үнэн. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

Хуучин, шинэ хоёр хоршдоггүй

Шүүхийн тухай багц хуулийг мөрдөөд эхлэхээр өнөөдөр мөрдөгдөж байгаа процессын хуулиуд зөрчилдөж таарна. Бүтнээрээ биш гэхэд зарим зүйл нь заавал харшилдана. Хуучин, шинэ хоёр хууль хоршдоггүй юм.

Тэгэхээр түүнд зориулан тэднийг мөн шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэг гарна. Гэхдээ хуулиа хэрэгжүүлж эхлээд, ямар зөрчил, үл нийцэл гарахыг нь явцын дунд нягтлаад, дараа нь түүнд уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх хэрэгтэй байх. Зарим эх сурвалжийн мэдээгээр “тааруулах” ажил удахгүй эхлэх бололтой.

Угтуулаад хийчихвэл өөр талаар зөрчилдөхийг ч үгүйсгэхгүй. Олон дахисан заваан ажил болно. Энэ нь холбогдох байгууллага, мэргэжилтний шийдэх асуудал биз. Хуулийг батлах амархан, хэрэгжүүлэх хэцүү. Хэрэгжиж байгаа эсэхийг хянаж байх хэрэгтэй. Тийм ч хэцүү биш. Үе үе мониторинг хийн, нийтэд мэдээлээд, хэрхэх талаар иргэдтэй санал солилцон, болохгүйг дор дор нь засаад явахад болчихно. Манайхан иргэдтэйгээ ярихгүй, дээгүүр шийдчих гээд байдаг гэмтэй. Хэн хэнээс нь асуувал эндэл багатай нь хүний нийгмийн хууль. “Бурууг үл үйлдвэл хууль утгагүйгээ мэддэг” гэсэн мэргэдийн үг буй. Нээрээ яагаад заавал бурууг үйлдэх гэж... Бичвэрээ Их эзэн, Чингис хааныхаа нэгэн айлдвараар өндөрлөе.

Улсын дээд заргач/шүүгч/ Шихихутагт, “Бүх улсын доторх хулгайг цээрлүүлэх, худлыг мохоох, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай. Чиний тушаасныг хэн ч өөрчилж үл болно” хэмээн зарлигджээ. Шүүх засаглалыг өөрөөсөө ч хараат бус байлгасны гайхамшигт жишээ гэхээс яах вэ. Үүнийг л шулуун хийгээд шударга гэдэг юм ш дээ. Иргэний хувьд ингэсхийгээд товчилох уу даа.

Баянгол дүүрэг 17 дугаар хорооны иргэн Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ