Шийдвэр гаргасан бол захиргаадаж хэрэгжүүлэх ёстой

Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид шинэхэн ток шоугаа эхлүүлээд удаагүй байгаа.Түүний нэвтрүүлгийн нэр нь “Галааридын цаг” бөгөөд мэдээ, мэдээллийн "Молор" телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үзэгч уншигч танд хүрнэ. Анхны зочноор нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцсон бол энэ удаад Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном уригджээ. Түүнтэй хийсэн ярилцлагын хураангуйг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр толилуулж байна.
“Чингис хаан”-ы одонгоор шагнагдаж байхад юу бодогдож байв?
-Төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонгоор шагнуулсандаа баяртай байна. Хүмүүсийн хувьд ямар гавьяа байгуулсандаа энэхүү шагналыг авах болов хэмээн бодож байгаа байх. Энэ бол миний хувьд ч маш сайн бодох ёстой зүйл. Би одон авчихаад талархлын үг хэлсэн. Би энэ жил 80 нас хүрлээ. 59 жил тасралтгүй ажилласан. Энэ бүх хугацаанд хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн минь үр шимийг үнэлж өгсөн байх. Зураач, хөгжийн зохиолчид болон тамирчид өөрийнхөө хөдөлмөр, зүтгэлийн үр дүнгээр үнэлэгдэж явдаг. Улстөрчид, эдийн засагчид болон санхүүчид ганцаараа гавьяа байгуулах нь ховор. Үргэлж бусадтай хамтран, нийгмийнхээ дэмжлэгийг авч байж ажилладаг. Би Сангийн яаманд 23 жил, Улсын төлөвлөгөөний комисст 20 жил, “Монголын Алт” ХХК-д 18 жил зөвлөхөөр ажилласан. Энэ л хамт олны дотор цугтаа зүтгэж, бүтээлцэж явсныг маань их өндөр үнэлсэн гэж бодож байгаа. Түүнийгээ ч илэрхийлсэн.
{!!!right!!!}-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Төлөвлөгөөний комиссын дарга байсан. Дараа нь Сайд нарын дарга байсан. Тэр үеийн манай улсын хэрэгжүүлж байсан хэтийн бодлого болон зах зээлийн эдийн засгийг харьцуулж боддог уу. Хэрвээ 1990 онд ардчилсан хувьсгал болоогүй бол манай улсын эдийн засаг ямархуу түвшинд байх бол?
-Энэ талаар дандаа боддог. Тэс ялгаатай хоёр систем. Хуучин социализмын үеийн бүх зүйл болохгүй байсан гэж дүгнэж болохгүй. Өмнөх үеээ үгүйсгээд байвал Монгол Улс байсан юм уу гэсэн асуудалтай тулгарна. Хоёр системийн аль алинд нь давуу талууд байна. Аль алинд нь бодохгүй бол болохгүй асуудал ч байсан. 1970-1990 хүртэлх онуудад Монгол Улсад хамгийн их бүтээн байгуулалт явагдсан. Тэр хорин жилд ЗХУ-аас маш их зээл авсан. Тэр зээлээр бид юу бүтээснийг мартаж болохгүй. Төсөвт гол суурь нь болж байгаа болон гадаад худалдааны тэнцэлд шийдвэрлэх үүрэгт гүйцэтгэж байгаа уурхайнууд баригдсан. Дулааны III, IV цахилгаан станц баригдсан. Эдгээр станцуудыг нүүрсээр хангаж байгаа уурхай болон Багануур болон Шивээ-Овоогийн уурхайнууд мөн л баригдсан. Нэг том амжилт бол тэр үед бүх хүүхдүүдийг бүрэн дунд боловсролтой болгох асуудлыг бүрэн шийдсэн. Ажилгүйдэл гэж байгаагүй. Ажил өгөөч гэсэн шаардлага бус ажил хийе гэсэн шаардлагыг тавьдаг байсан. Бүтээн байгуулалтын оргил үе болоход хүргэсэн үндсэн шалтгаан бол тухайн үед улсаа болон эдийн засгаа хөгжүүлэх урт хугацаанд бодлого төлөвлөгөө боловсруулж байсан. Ямар төслүүд хэрэгжүүлэх ёстойгоо тодорхойлоод төсөл нэг бүрт ТЭЗҮ-г нарийн тооцдог байсан. Түүний ачаар тэр их зээл орж ирэх болсон.
-1970-1990 онууд манай улсын эдийн засагт чухал үе байжээ. Одоо “Чингис”, "Самурай" бондууд эдийн засгийн цоо шинэ үеийн хөрөнгө оруулалт болж чадах уу. Энэ хоёр адил төстэй санагдаж байна уу?
-Адил биш юм шиг санагдаад байгаа. 1.5 тэрбум ам.долларын бонд буюу зээл. Орж ирсэн эх үүсвэрийг буруу гэж бодохгүй байна. Харин хөгжлийнхөө чиглэлийг тодорхойлоод ямар төсөл нь үр ашигтай байх юм. Гарах үр ашгаасаа бондынхоо зээлийг ямар хугацаанд төлөх талаар тооцоолол хийсэн бол зөв байх байсан. Миний хувьд буруу явчихлаа гэж бодож байна. Ирэх онд Японоос орж ирэх 2.1 тэрбум ам.долларын Самурай бондын талаар ярьж байна. Үүнийг гаргаж болно. Эхлээд аваад дараа нь яах вэ гэж бодож болохгүй.Анх би 1.5 тэрбум ам.долларын бонд гаргах үед нь “Өдрийн сонин”-д бичсэн.Өмнө нь авч байсан зээлийн нөхцөл шаардлага одоогийн зээлээс өөр. ЗХУ-тай ах дүүгийн харилцаатай, туслая гэсэн сэтгэлээр хандаж байсан үе. Тухайн үед өндөр татвар хориг байгаагүй бөгөөд экспортлох нь чөлөөтэй тийм нөхцөлд ажиллаж байсан. Бид тэр үед их зээл авч байсан. Төлөхдөө хүрвэл ингэнэ дээ, төлүүлэхгүй байх аа гэсэн найдлага ч тээж байсан.
-Өөрчлөн байгуулалтын үйл явц 1984 оноос социализмын орнуудад эхэлсэн. Энэ үйл явц манай улсад ЗХУ-ын заавар удирдамжаар явсан уу. Аль эсвэл бид өөрсдөө санаачилсан уу?
-ЗХУ-ын заавар удирдамжаар гэж хэлж болохгүй. Зааварлуулах сэхээ ч байгаагүй. Бид ч зааварлуулаад байх сонирхол ч байгаагүй. Бид түүнийг ажиглаад өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Зүгээр гадны зүйлийг хараад өөрчлөнө гэсэн үг биш. Бид 1985 оноос хойших намын хурлууд дээр энэ асуудлыг ярьж байсан. Өөрчлөхгүй бол ганцхан төрийн өмчтэй, хувийн өмчийг хязгаарласан үед хөгжлийн хурдац саарч байгаа нь мэдрэгдэж байсан. Тухайн үед улсын төсөвт татаас гэдэг зүйл маш их байр суурийг эзэлсэн байв. Энэ бүгдээс үндэслээд энэ эдийн засгаар хөгжихгүй гэж үзэж байлаа.
-1990 оны Ардчилсан хувьсгал хийгээгүй бол БНХАУ-ынх шиг улстөр, эдийн засгийн хөгжлийн жишгээр явах байсан уу?
-Өөрчлөлт явах нь зайлшгүй хэрэг байсан. Ямар хэлбэрээр явах нь бүү мэд. Өөрчлөх ёстой гэсэн зүйлд тулчихсан байсан. Тухайн үед бид огцом өөрчлөлт хийнэ гэдгийг ухаараагүй байсан. Харин өөрчлөх ёстой гэдгийг л мэдэж байсан. Яаж өөрчлөх вэ гэдэг огцом өөрчлөлтийг мэдээгүй байсан юм. Мэдэж байсан юм шиг гайхуулж ярих хүн байхгүй байх. Өмчийн хувьд малчдад малыг нь хязгаарлахыг болъё гэдэг зүйлийг эхэлж байсан. Нэгдэл сангийн аж ахуйн малыг малчдад гэрээгээр өгдөг болсон. Өөрчлөлт шинэчлэлийг манай залуучууд аль эрт мэдсэн байсан. Тэр ч утгаараа хатуу шаардлагыг тавьж, тайван замаар шийдсэн.
-Тухайн үед нөхцөл байдал хурцдах тохиодол үүсч байсан уу ?
-Ерөөсөө байгаагүй. Тийм учраас тайван байдлаар шийдэж чадсан.
-Үүнд Ж.Батмөнх гуайг онцгой үүрэгтэй байсан гэж ярьдаг. Аль эсвэл хамтын шийдвэр байсан юм уу ?
-Ганцаараа гэвэл буруу байх. Тэр бол хамтын шийдвэр байсан гэж голлох нь зөв байх. Гэхдээ нэгдүгээр хүний үүргийг багаар хэмжиж болохгүй. 1990 оны наймдугаар сарын 3-нд телевиз дээр шаардлага тавьж, өлсгөлөн зарлаад байсан залуучуудтай уулзаж, шаардлагыг чинь ойрын хугацаанд шийднэ гэж хэлээд, өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн. Тэгээд Улс төрийн товчоо хуралдаж, Ж.Батмөнх гуай хүн бүрээс нэг бүрчлэн огцрох асуудлыг асуусан. Нэг ч хүн огцрохгүй гэсэн саналыг гаргаагүй. Тэгээд л маргааш нь бүх шаардлагыг хүлээн авч байгаагаа зарласан. Найманд эхэлсэн өлсгөлөн есөнд дууссан. Шуугиан үймээн үүсгэхгүйн тулд албан тушаалаа өгөхөд хүртэл бэлэн байсан. Тэр үед удирдагч байсан хүмүүст албан тушаал эрх мэдлийн төлөө зуурах сэтгэлгээтэй хүн байгаагүй.
-Социалист системийн орнуудын удирдагчид тухайн үед хоорондоо ямар нэгэн байдлаар санал солилцож байсан уу?
-Тэр их шуугиан бужигнааны үеэр тийм зүйл байгаагүй. Би лав энэ асуудлаар ямар нэгэн улсын Сайд нарын зөвлөлийн даргатай уулзаж, ярилцсан зүйл байхгүй.
-Таны бодлоор манай төрийн залгамж халаа ямар байна вэ?
-Хуучин системийн хувьд залгамж чанар хэтэрсэн байж болно. Ардын хувьсгалаас хойш Засгийн газрыг тэргүүлж байсан хүн цөөн байдаг. Одоогийн систем бол дөрвөн жил болоод л солигдож байна. Болохгүй бол түүнээс өмнө солигдож байна. Одоо бол залгамж чанар нэг болохгүй байна. Хүмүүс бол өөрчлөгдөж болно. Харин төрийн бодлого, чиг шугам дөрөв дөрвөн жилээр өөрчлөгдөх ёсгүй.
-Улс төрийн намуудын хувьд солигдоод бодлогоо хэрэгжүүлээд явах нь зүйн хэрэг. Гэхдээ Монгол Улсын эрх ашгийн үүднээс үүнийг энэ чигт заавал барих ёстой гэсэн тохиролцоо байхгүй байна уу?
-Байхгүй байна. Энэ л их харамсалтай зүйл. Намаар л дамжиж төр бүрдэж байхгүй бол болохгүй, үүнээс өөр туршлага дэлхийд байдаггүй хэмээн ярьдаг. Би түүнийг буруу гэж боддог. Засгийн эрхийг намд бус ард түмэндээ өгөх хэрэгтэй. Би бол тэс өөр бодол ярьдаг хүн. Үндсэн хуулинд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэсэн зарчмын том заалт байдаг. Одоо засгийн эрх мэдэл ард түмэнд байна уу гэвэл үгүй л гэж хэлэх байх. Залгамж чанарын чухал нөхцөл бол төрийн байгууллагын ажилтнуудыг намын харьяаллаас болж халж сольдогийг болих хэрэгтэй.
Залгамж чанар, нэгдсэн тууштай бодлогыг үгүй хийж байгаа аюултай үзэгдэл гэж боддог. Яаманд бодлого тодорхойлж байгаа хүмүүс тогтвор суурьшилтай ажиллах ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Энэ үндсэн дээр төрийн бодлого тогтвортой залгамж болж явна. Үүнийг шийдэхгүйгээр нэг нам нь засгийн эрхэнд гарсан даруйдаа өөрийнхөө намын хүн гэдэг ч юм уу, мөнгө төгрөг өгсөн ч юм уу, ар урдуур нь гүйж байсан хүмүүсээр төрийн албыг солиод байх ёсгүй. Энэ бол их муу үр дагавартай.
-Сүүлийн 23 жил манай улс ардчиллын замналаар явж байна. Та сэтгэл хангалуун байна уу?
-Сэтгэл хангалуун байна. Манай ард иргэд эрх чөлөөгөө эдэлж байна. Сайхан чадвараа ашиглаад сайхан амьдрах бололцоотой болчихлоо. Хэлэх үгээ чөлөөтэй хэлдэг боллоо. Монгол Улс маань дэлхийд ч нэр төр нь дээгүүр байна. Өмнө нь эзэн Чингис хаанаа нэрийг нь дуудвал буруудчих гээд байсан. Гэтэл өнөөдөр чөлөөтэй болсон байна. Би энэ 23 жилд харамсахгүй. Зөв л зам. Харин дотроо болохгүй байгаа зүйлээ ярихгүй байж болохгүй. Би саяхан нэг зүйл хэлсэн. Бүтээсэндээ тайвшрах бус шинээр бүтээхийн төлөө зүтгэцгээе гэж хэлсэн. Улстөрчдийг айлын эзэн шиг ажиллуулах юмсан. Төрийн өмчийн газрын удирдлагуудыг өмчийн эзэн шиг байлгах юмсан гэж хэлсэн. Энэ хоёрыг одоо эрхэмлэх нь чухал зүйл болов уу гэж бодсон.
-Таныг эдийн засагч байсных нь хувьд, Ерөнхий сайд байсных нь хувьд үгийг тань Монголын төр хэр сонсч байна вэ?
-Сонсгох гээд л байдаг. Сонинд бичиж байна, телевизээр ч ярьж байна. Сонсогдож байгаа. Авч хэрэгжүүлж байгаа дээр л дутуу байдаг байх. Тэр талд жаахан бодох ёстой юм байгаа байх аа.
-Цаашид бид төрийн бодлого дээр юуг анхаарах ёстой вэ?
-Олон зүйлийг анхаарах ёстой. Хамгийн гол нь улсаа хөгжүүлэх алс хэтийг харсан бодлого, төлөвлөгөө маш чухал. Төвлөрсөн төлөвлөгөөт системээс сална гээд 1990 оноос бужигнацгаасан. Зах зээл өөрөө л бүхнийг зохицуулна.
Төр оролцох хэрэггүй гэсэн онол гараад ирчихсэн шүү дээ. Түүнээс болоод хэтийн бодлого төлөвлөгөө боловсруулдаг газрыг устгачихсан. Явж явж одоо л ойлгож байна. Засагт бодлого боловсруулдаг газар байхгүй бол болохгүй гэж үзээд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулаад байж байна. Энэ тал дээр зайлшгүй бодох хэрэгтэй. Өөр нэг асуудал бол иргэдийн дунд соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой. Хуучин бол үзэл суртлын ажил гээд хийдэг байсан.
Одоо бол байж болохгүй мэтээр ойлгогдсон байна. Тийм аргаар биш байж болно. Нийгмийнхээ дунд соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлэх ёстой. Хүний эрх, эрх чөлөөгөө эдэлж байна. Энэ нь хэтрэх шинж рүүгээ орж байх шиг байна. Төрийн зүгээс сахилга дэг журмын талаар одоо ярих цаг болсон. Шийдвэр гаргасан бол захиргаадаж, сахилга барьж хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Болгоомжлоод алгуурлаад байвал ямар ч сайхан шийдвэр гаргаад нэмэр байхгүй. Энэ бодлыг захиргаадлын үеэ сэргээх гэж байна гэж шүүмжлэх хүн гарна. Түүнээс айх хэрэггүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ