Сурагчид "үдийн цай уухдаа гараа угаадаггүй гэв

МХЕГ-аас “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт, шалгалт хийснээ танилцууллаа.
Шалгалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 342 сургууль, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг найман үйлдвэр хамрагджээ. Сургуулиудад хийгдсэн шалгалтаар 55 хувь нь эдэлбэр газар нь хайс, хамгаалалтгүй, сургуулийн нөхцлөөс шалтгаалж гар угаадаггүй, анги танхимын нэг хүүхдэд ногдох талбай хүрэлцээгүй, ширээ, сандал стандартын шаардлага хангахгүй, эмч байхгүйгээс хүүхэд өсвөр үеийнхний бие бялдрын хөгжил, эрүүл мэндэд хяналт тандалт хийдэггүй, хоол тэжээлийн болон шимт бодис, зөв хооллолтын талаар сургалт хийдэггүй, аймаг, орон нутгийн сургуулиудын 36 хувь нь энгийн бие засах газрын эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэх мэт 2107 зөрчил дутагдал илэрсэн байна. Эдгээр зөрчлийн 842-ийг газар нь дээр арилгуулжээ.
Мөн “Үдийн цай” хөтөлбөрт хүнс ханган нийлүүлдэг байгууллагуудаас ноцтой зөрчил гараагүй ч хүүхдүүд хоол идэхээсээ өмнө гараа угаахгүй байгаа нь А вируст гепатитын халдвар тархах нөхцлийг бүрдүүлж байгаа юм байна. Энэ нь сургуулиудад хүүхдэд зориулсан гарын угаалтуур хүрэлцэхгүй байдагтай холбоотой гэнэ. Мөн хүүхдүүд үдийн цайнаас авбал зохих шим тэжээлийг авч чаддагүй нь дээрх шалгалтаар илэрчээ. Үүнийг арилгахын тулд хүүхдүүдийн үдийн цайнд хэрэглэх бүтээгдэхүүний мөнгийг нэмэх шаардлагатай юм байна.
Хүнсний үйлдвэрүүдээс “Мон сүү” ХХК-ын шалны плита зарим хэсэгт ховхорсон, трап нь шүүрэн хаалтгүй, цонх нь онгойлгодог хэсгээр торон хаалтгүй, бохир, цэвэр бүсийг хооронд ялгасан тэмдэггүй, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах журам боловсруулаагүй, гар угаах угаалтуурын цорго нь мэдрэгчгүй, түүхий сүүг зөөвөрлөх машины хүрэлцээ хангалтгүй байсан бол “Милко” компани нь цонхны онгойлгодог хэсгээр торон хаалт хийгээгүй, гэх мэт зөрчил илэрчээ. Эдгээр зөрчлүүдийг газар нь дээр арилгуулж мөнгөн торгууль оногдуулсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ