Бид баялгийн хараалд өртсөн юм биш үү

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт саад тушаа болсон өр зээлийн асуудал ар араасаа нэмэгдсээр байна. Өр дарагдлаа, хасагдлаа гэх мэдээ биш өрөнд уналаа, ялагдлаа гэсэн сураг сонсогдож байна. Ер нь бид баялгийн хараалд өртчихсөн юм биш үү гэмээр.

Хөрсөн доорх асар их баялгаа бид юм болгож чадалгүй харийнхны өрөнд унаж байгааг өөрөөр яаж тайлбарлах вэ. Чалко, одоо Хан Ресурс гэх мэтээр. Өчигдөрхөн монгол хүн бүрийн өр дахин нэмэгдсэн юм. Учир нь Монголын Засгийн газраас 285 сая ам.доллар нэхэмжилж, олон улсын арбитрын шүүхэд хандсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” заргаа авч манай улсаас 100 сая долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон юм.

Оны өмнөхөн Чингис бонд, Самурай бонд гэх мэтчилэнгийн олон өр авлага нийлээд монгол хүн бүрийн нуруун дээр 12.7 сая төгрөгийн өр болж байна гэсэн бол энэ тоо даруй нэжгээдээр нэмэгдэх нь тодорхой боллоо. 100 сая доллар гэдэг их тоо.

Ядаж яваа Монголын ард түмний нуруун дээр нэрмээс болгон өрөнд бариулсан эзэд нь улстөрчид. Тэдний хуудуутай үйл ажиллагаа ийнхүү олон улсын Арбитрын шүүхэд батлагдлаа.

Ураны нөөц ихтэй нэг хүдрийн зангилаанд ойрхон оршдог Дорнод, Мардай, Гурванбулагийн стратегийн орд газруудын хамгийн их ураны нөөцтэй нь болох Дорнодын орд бөгөөд баталгаажсан ураны нөөц нь 28868 тонн. Энэ ордод түшиглэн 1998 онд Орос, Канад, Монголын хамтарсан “Төв Азийн уран” /Central Asia Uranium Corp/ компанийг байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч, Монголоос уран олборлох оросуудын шахалт дарамт дор 2009 онд С.Баярын засгийн газар “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар ийнхүү шүүхийн тавцанд зургаан жил мэтгэлцсээр эцэст нь ийнхүү монголчууд ялагдлаа. Монголчууд ч юу байхав бизнесийн зарчмыг ойлгодоггүй, хэт улстөржиж өөрсдөөс нь өөр ямар ч хүч Монголд үйлчлэхгүй гэж бодсон том толгой улстөрчид ялагдлаа.

Дорнодыг ордыг канадуудаас булааж, оросуудтай хамтран эзэмшихээр шийдвэрлэснийхээ төлөөсөнд ийнхүү 100 сая доллар буюу, бараг 200 тэрбум төгрөгийн өрөнд ороод байна.

Парисын олон улсын арбитрын шүүх “Хан ресурс”-ийн заргыг шүүхдээ “Монголын Засгийн газар эрчим хүчний гэрээгээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гээд учирсан хохирлыг өнөөгийн ханшаар үнэлж гаргасан бөгөөд тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар цуцалснаас болоод компанид 83.3 сая долларын хохирол учирсан" гэж үзсэн байна. Түүнчлэн компанийн өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг тус компанид олгох шийдвэр гаргасан юм.

Ийнхүү 2009 онд гаргасан шийдвэрийн уршгаар 100 сая долларын өрөнд уналаа. Үүнээс гадна Чалкогийн өр асуудал дагуулж мэдэхээр байна. Мөн л хэдэн жилийн өмнө буюу 2011 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалан 350 сая ам.доллар зээлж, “Эх орны хишиг” нэрээр баруун солгойгүй тараасны горыг одоо монголчууд амсана гэж хэн санах билээ.

Тэр үед 350 сая ам.доллар зээлж авахдаа Чалкотой хийсэн гэрээндээ 350 сая долларын өрөө дарснаас хойш таван жилийн турш нүүрсээ тодорхой үнийн дүнгээр /дэлхийн зах зээлээс хавьгүй хямд/ зарна хэмээн тусгачихсан нь хөрөнгө оруулагчдад хамгийн ойлгомжгүй төвөгтэй асуудал үүсгээд байгаа аж.

Юу гэсэн үг вэ гэхээр одоо Тавантолгойд хөрөнгө оруулагчид дөрвөн жилийн өмнөх гэрээнд тусгагдсан зүйл заалтанд захирагдаж нүүрсээ хямд үнээр борлуулах ёстой болчихоод байгаа. Тухайлбал Тавантолгойн ордод олборлолт, боруулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагчид хариуцаад эхэлбэл, Чалкотой хийсэн гэрээг хүчингүй болгох уу аль эсвэл хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын зээлсэн өрийг төлөхийн зэрэгцээ дээр нь таван жилийн турш нүүрсээ зах зээлийн ханшаас хямдхан өгөх үү гэсэн төвөгтэй асуудал үүсгээд байна.

Эндээс юу харагдаж байна гэхээр өнгөрсөн жилүүдэд улстөрчдийн хйисэн алдаатай бодлогын үр дүнд хямарч яваа, хямралаас өндийх гэж Оюутолгой, Тавантолгой юу байдгаа чадах ядахаараа хөдөлгөх гэж яваа биднийг нэрмээс болгон нэрвэж байна. Улстөрчид нэг л бишээ.

Социализмын үед манай улс тав таван жилээр алсын хараатай төрийн бодлогоо төлөвлөж чаддаг байлаа. Тэгвэл одоо тав бүү хэл нэг жилийн цаадхыг харах бодлого ч алга болсон нь харамсалтай. Өнөөдөр сайд дарга нарын гаргасан гоомой шийдвэр хэдэн жилийн дараа монголчуудын нуруун дээр юу болж буух вэ гэхээс айж байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ