Барилгын ажилд ШӨХТГ анхнаас нь хяналт тавьж ажиллана

Барилгын компаниудын буруугаас болж иргэд хохирох асуудал цөөнгүй гардаг. Тухайлбал, хамгийн түгээмэл гардаг зөрчил бол иргэдийн худалдан авсан байрны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс бага байдаг. Энэ асуудлаар ШӨХТГ-т иргэд ханддаг ч тэр бүр хохирлоо бүрэн төлүүлэх боломж бага. Түүнчлэн барилгын салбарынхан зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө хууль тогтоомж, дүрэм стандартыг мөрдөн ажилладаггүйгээс олон зөрчил, дутагдал илэрдэг.
Тэгвэл өнөөдөр ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар дээрх асуудлууд цэгцрэх бололтой. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “Барилга барих, хүлээн авах тусгай зөвшөөрөл олгох комисст манайхаас төлөөлөл орж байна. Ийнхүү хамтран ажилласнаар барилга барьж эхлэхэд л анхнаасаа метр квадратын зөрүү байгаа эсэх, стандартын дагуу тооцсон эсэхийг шалгах юм. Мөн үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээнд бичигдсэн байрны метр квадратын хэмжээ зөрж байгаа эсэхийг нарийн шалгана. Өнөөдрийн байдлаар нийт 900 орчим иргэнээс 70 орчим барилгын компанитай холбоотой 3.7 тэрбум төгрөгийн гомдол ирүүлсэн. Энэхүү гомдлын дагуу улсын байцаагчийн шаардлага хүргүүлж 1.5 орчим тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан” гэлээ.
Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар мөн санал нэг байгаа бөгөөд барилгатай холбоотой асуудалд анхнаас нь анхаарлаа хандуулснаар эрсдэл бүрэн үгүй болно гэдгийг хэлж байлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ