Япончуудтай бизнес түншлэл тогтоох бол үүнийг уншаарай

Япончуудын бизнесийн үйл ажиллагаа явуулах соёл нь барууны орнуудаас өөр, нарийн дэг жаягаараа ялгардаг. Тун саяхан Япон-Монголын ЭЗТХ/Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр/ байгуулагдсан.
Үүнтэй уялдуулж хоёр орны бизнесийхэн дунд өргөн харилцаа үүсэх байх. Япончуудтай харилцахын тулд анхаарвал зохилтой зарим зүйлийг дурдъя.
-Япончуудтай уулзахаас 1-2 цагийн өмнө бэлэн болсон гэдгээ мэдэгдэхэд буруудахгүй. Учир нь тэд цагийг ягштал баримталдаг.
-Бизнес буюу ажил хэргийн уулзалтын үеэр эрчүүд хар зангиа хэрхэвч зүүж болохгүй. Японд зөвхөн оршуулгын үед л хар зангиа хэрэглэдэг. Харин тэд хар бараан өнгийн костюмийг албан уулзалтын үед өмсдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Япончууд нэрийн хуудас солилцохыг бизнесийн эхний алхам гэж үздэг. Нэрийн хуудас тань Япон, Англи хэл дээр байх шаардлагатай. Нэрийн хуудсаа солилцохдоо хоёр гараар барьж, толгойгоо бага зэрэг бөхийлгөж гардуулна. Ингэхдээ нэрийн хуудсаа түнш рүү харуулж, албан тушаалын эрэмбийн дагуу өгнө. Гэхдээ бага албан тушаалтнуудыг орхигдуулж болохгүй. Тэд 5-10 жилийн дараа тушаал ахих тул ирээдүйн чухал албатууд гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн тэдний нэрийн хуудсыг хоёр гараараа аваарай. Нэрийн хуудсан дээр тэмдэглэл хийж болохгүй.
- Япончууд аливаа хэргийг амаар илэрхийлж ойлгуулахыг урьтал болгохгүй. Харин харилцагч тал нь ёс дэгийг хэрхэн баримталж буй байдал, түншдээ үзүүлж буй хүндлэл, ёслол зэргээс шинэ түншийнхээ боловсрол, төлөвшлийн хэмжээг олж хардаг. Тиймээс үйл хөдлөл, ёс жаягийг нарийн сахиваас итгэлцэлийг бий болгож чадна.
-Япончуудтай албаны уулзалтын үеэр өндөр дуугаар ярилцахаас болгоомжил. Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээ. Япончууд гэрээ хэлэлцээрийн үеэр “үгүй” гэсэн үгийг бараг хэрэглэхгүй. Ингэх нь зөвшөөрч байна гэсэн үг бас биш. Тэд бизнест маш нухацтай ханддаг тул эхний удаа тодорхой хариултыг хэлэхгүй. Тиймээс яаран бизнесийн сул болоод давуу талаа ярьж шахах, шаардлагагүй. Тэд нарийвчлан танилцаж, судалж мэдсэний эцэст хариу өгдөг.
-Япончууд уулзалт дууссаны дараа хамт хооллож, энгийн яриа өрнүүлэх дуртай. Энэ бол энгийн үзэгдэл. Зарим тохиолдолд энэ үе нь нэрийн хуудас солилцохоос ч илүү дотно харилцааг үүсгэх явдал байдаг.
-Мөн япончууд хүний бие дэх шивээсийг эгдүүцэн, дургүйлхдэг. Танд өчүүхэн жижиг шивээс байвал аль болох харуулахгүй байх арга хэрэглэхийг зөвлөж байна.
Таны бизнест амжилт хүсье!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ