Ах, дүү нарт 5-10 жилийн ял оноож магадгүй

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Магнай трейд” ШТС руу үл таних гурван этгээд халдаж, эрэгтэй, эмэгтэй хоёр ажилтныг нь бэртээн 4.8 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өнгөрөгч сард гарчээ. Харин тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор шуурхай илрүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад тэд үгсэн тохиролцож, дээрэм хийсэн нь тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147.2-т зааснаар буруутган шалгаж байгаа аж. Ах дүү гурав 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй байна. Дээрэм хийсэн Т, Т, О нар нь мэдүүлэгтээ шунахайн сэдлээр энэхүү хэргийг үйлдсэн гэдгээ мэдүүлжээ.
Ийнхүү тэднийг сар гаруй шалгасны эцэст уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг прокурорын байгууллагад энэ долоо хоногтоо багтаан шилжүүлэхээр болсон байна.
Гурван сэжигтний нэг нь “Магнай трэйд”-ийн өөр нэгэн салбарт шатахуун түгээгчээр ажилладаг байсан бөгөөд халагдсаныхаа дараа төлөвлөж байгаад хоёр дүүгээ уруу татан энэхүү хэргийг үйлджээ. Тэрбээр шатахуун түгээх станцад ажиллаж байсан учраас ямархуу чиглэл, үйл ажиллагаагаар ажилладгийг сайн мэддэг байсан тул үүрийн 04.00-05.00 цагийг сонгон ийнхүү халджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ