Алдарт жүжигчин Харрисон Форд онгоцтойгоо осолджээ

Алдарт жүжигчин Харрисон Форд өөрийн хувийн онгоцтойгоо осолдож хүндээр бэртэж гэмтсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. АНУ-ын жүжигчин, Холливудын супер од, Индиан Жонес, Оддын дайн кинонуудаараа дэлхий дахинд танил болсон жүжигчин нэг хүний суудалтай хувийн онгоцоороо нисэж яваад Лос-Анжелосын нэгэн дүүрэгт гольфын талбайд унасан байна.

Ослын газарт ирсэн гал сөнөөх бүрэлдэхүүн аврах албаныхан онгоцонд Харрисон Форд байсан эсэхийг албан ёсоор мэдээлэлхгүй нууцлаж байгаа боловч дэлхийн хоёрдугаар дайны үеийн загвар бүхий 50 дугаартай шар далавч, мөнгөлөг өнгийн онгоцыг Харрисон Фордынх гэдгийг олон хүн мэддэг билээ.

72 настай жүжигчин нэлээн хүнд бэртсэн тухай жүжигчний ойр дотны эх сурвалжууд хэвлэлд мэдээлж байгаа аж. Мөн аврах албаны албан мэдээлэлд "Санта Моникаийн нисэх онгоцны буудлын ойролцоо, гольфын талбайд онгоцтойгоо осолдсон эрэгтэй ойролцоогоор 70 орчим настай, аврагчдыг очиход онгоцныхоо гадна талд шидэгдсэн, хүнд гэмтэлтэй" хэмээн тодорхойлсон байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ