Исламын улс хүн төрөлхтний мөрийг баллаж байна

Исламын улс бүлэглэл Иракийн хойд хэсэгт орших эртний Ассирийн үеийн түүхэн дурсгалт газар болох Нимруд хэмээх хотыг юу ч үгүй болтол сүйтгэж газрын хөрстэй тэгшилсэн тухай мэдээлэл цацагдаж байна.

Өнгөрсөн сарын сүүлээр "Исламын улс"-ын хяналтад байгаа Мосул хот дахь түүхийн музейн үнэт үзмэрүүдийг эвдэн сүйтгэж байгаа дүрс бичлэгийг тарааж дэлхий дахиныг цочирдуулсан юм.

Багаж зэвсэгтэй Исламын дайчид Ассирийн үеийн хөшөө баримлуудыг сүйтгэж байгаа нь энэ бичлэгт харагдаж байгаа юм. Улмаар ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова уг бичлэгийг тараасны дараа мэдэгдэл хийж “соёлын эмгэнэлт явдал” гэж нэрлээд “Иракийн мянган жилийн түүх, соёлын өвийн эсрэг хийсэн санаатай гэмт хэрэг” гэсэн юм.

Эдгээр нь манай эриний өмнөх долдугаар зууны үед хамаарах үнэлж баршгүй дурсгалууд бөгөөд сүйтгэгдсэн Нимруд хот нь ч мөн адил ямар ч мөнгө хөрөнгөөр үнэлгээ тогтоож боломгүй зүйрлэвээс Энэтхэгийн Таж Махал гэх мэт хүн төрөлхтөний эрт үеийн түүхийн томоохон ул мөр бүхий дурсгалт газруудын нэг юм.

Эртний хоёр мөрний нутаг буюу Тигр, Евфрат мөрөн одоогийн Ирак, Сири улсын нутаг болох Месопотамид МЭӨ 3-р мянганд соёл иргэншил үүсэн бий болсон ба анхны хүчирхэг, түүхэнд тэмдэглэсэн эзэнт улс нь Акад байсан. Түүний дараа Ассир, Вавилоны эзэнт гүрнүүд ноёлж байсан юм. Ассир, Вавилон нь зэрэгцэн оршиж түүхэн цаг хугацааны үеүдэд аль нэг улс нь хүчирхэг болох үедээ нөгөө улсаа эрхшээлдээ оруулдаг байсан бөгөөд Нимруд хот нь Ассирийн хаант улсын хүчирхэгжиж явсан үеийг гэрчлэх түүхэн дурсгалт газар юм.

Ассирийн хаан хоёрдугаар Ашурнисралын үед Нимруд хотыг цэргийн хүчнийхээ төв хотыг олгож, өөрийн ордон өргөөг байгуулсан байдаг.

Харамсалтай нь хүн төрөлхтөний эртний ул мөр болсон ийм чухал биет соёлын өвийг "Исламын улс" бүлэглэл юу ч үгүй болтол нь сүйтгэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ нь дээр дурдсанчлан Исламын улсынхны түүх соёлын өвийн эсрэг хийсэн анхны хэрэг биш бөгөөд өнгөрсөн жил тэд Мосул хот дахь Зөнч Юнисийн бунхныг дэлбэлж байсан юм.

Эртний түүхийг судалдаг эрдэмтэн мэргэд, археологичид энэ мэдээллийг сонсоод шоконд орж байгаа тухай өрнөдийн хэвлэлүүдэд бичиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ