Би цэцэг авч, вино уумааргүй байна

Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Энэ бол яах аргагүй тэмдэглэлт өдөр. Яагаад гэвэл эрх ашгаа хамгаалуулж, бүх нийтийн анхаарлыг өөрсөд дээрээ хандуулж байгаа хүмүүс баярлахаас яах билээ. Гэхдээ “баярлана” гэдэг үг манайханд “наргина” хэмээн ойлгогддог болоод удаж байна.

Ялангуяа энэ өдөр эмэгтэйчүүд биднийгээ баярлуулна гээд баахан өвс, навчаар булж, өнгөтэй, өнгөгүй дарсаар дайлдаг бичигдээгүй хуультай. Зарим нэг нь ингэж баярлуулсныхаа хариуг тэр дор нь хатуухан хүртээнэ. Сайхан бэлэг сэлт, амттан, цэцэг, идээ ундааны цаана өнөөх хүчирхийлэгчийн харгис араншин түр зуурын хугацаанд л нуугдаж байдаг байж ч болох юм Гэхдээ зарим нэгэнд л шүү дээ .Бид чинь авсан цэцэг шигээ турьхан улс болохоор юугаа бамбай болгож, юугаараа халхавч хийх билээ.

Эцэст нь эр цэргийн баяр гээд эрчүүд нь нэхэл хатуутайгаар наргина. Бас л хүчирхийлэл хаа нэгтэй сонсогддог.

Хэрэв мартаар бэлэг авсан бол эр цэргийн өдрөөр заавал хариу барих учиртай мэт бүсгүйчүүд “бажига” авна. Иймэрхүү өгөө аваатайгаар энэ өдрийг өнгөрүүлэхийн ашиг гэж байхгүй.

Баяр л болсон хойно жам ёсоороо гэмт хэрэг өссөн үзүүлэлт байх нь мэдээж. Ялангуяа энэ үеэр төрийн хамгаалалтын ачааллыг эмэгтэйчүүд эрс нэмдэг гэх. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байр ачаалалтай ажилладаг болох нь жил жилийн Мартын 8-нд ажиглагддаг байна.

Ганц өөрт зориулагдсан өдрөөрөө далимдуулж, эрх чөлөөгөө мэдрэх гэсэн эмэгтэйчүүд маань гомдол гунихралаа тайлах аргаар хатуу дарсыг сонгон хэрэглэчихнэ. Ингээд эр нөхөртөө агсам тавих зэргээр энэ газрыг зорин ирдэг бололтой.

Нөгөө талаас харвал үүргээ умартаж, эрхээ хэт мэдэрч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, танхайрах, биенээ гэмтээх зэргээр зөрчил гаргадаг аж. Тиймээс Улаанбаатар хотын цагдаагийн газраас бидэнд зориулж сэрэмжлүүлэг, анхааруулгыг хүртэл хүргэсээр байгаа юм.

Эдийн засгийн гүн хямралтай байгаа энэ үед бид ингэж цөөн хэдэн төгрөгөө салхинд хийсгэн байж баярлахын хэрэг юун. Эрх нь зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдийнхээ төлөө хийх ёстой бүгдийг хийж чадах нь хамгийн гол зорилго билээ.

Уг нь энэ жилийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах-Хүмүүнлэг үйлсийг дэмжих” жил болгон зарласан. Сүүлийн үед манайд маш их хүмүүнлэгийн үйл явагдаж байгаа.

Үүнийг зарим нь өөрийн пиартаа ашиглах мэр сэр хүмүүс ч бий. Монголд ганцхан байдаг тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн ээж нарт сэтгэлийн дэм хайрлан Шадар Сайдын гарын бэлгийг гардуулсан гэсэн.

Ийм маягаар бэлэг сэлтээр хүний нүдийг хуурсан ажил манайд хэрээс хэтрээд буй. Харин Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос өнгөрөгч онд “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-т хийсэн судалгаа нэлээд том ажил болжээ. Уг судалгааны дүнгээр эмэгтэйчүүдийн амьдралын чанар сайнгүй байна гэсэн дүгнэлт гарсан гэнэ. Тиймээс төрийн болон олон нийтийн анхаарлыг үүнд хандуулж, асуудлыгшийдэхийн төлөө ажиллахаар төлөвлөөд байгаа юмсанж. Энэ мэтчилэн өгөөжтэй ажил манайд их дутагдаж байна.

Мундахгүй олон баярын нэгийг ч атугай үндсэн утгаар нь тэмдэглэн өнгөрүүлж, үр дүнг нь хараад бахархан сууж сурах юм сан даа монголчууд минь.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ