Ноён уулаа хамгаалагчдын эсрэг захиалга

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд болон Иргэний хөдөлгөөнийхөн нэгдэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн зохион байгуулж нэлээд эрчимтэй тэмцэл өрнүүлж байгаад одоогоор арай намжмал байдалд ороод байна. Тэд эх нутгийнхаа байгалийн тэнцвэрт байдлыг авч үлдэх, археологийн үнэт өвөө хадгалах туйлын зорилготой аж. Тэгвэл үүний эсрэг байр сууринаас хандах хүмүүс ч бас байгаа юм. Сүүлд гэхэд Мандал сумын хэсэг хүмүүс ТББ байгуулж нутгаа төлөөлөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэд Гацууртын ордыг хяналттайгаар ашиглах нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Гэвч үүнийг "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн нутгийн иргэд тохироо хийж гаргасан шийдвэр хэмээн үзэж өөрсдийн цахим хуудаснаа дараах мэдээллийг тавьжээ.
"Ноён уулаа аварцгаая“ гэх цахим хуудсанд:
"Захиалгат Төрийн бус байгууллага бий болжээ. Тэд Мандал сумынхныг хямдхан арилжихаар үйл ажиллагаагаа эхлээд байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумд орших Ноён уул буюу Гацууртын ордыг ашиглахын төлөө Сентерра гоулд компани увайгүй дайралт хийж, Киргизстанд явуулсантайгаа адил орон нутгийнхныг хагаралдуулах, бие биенийх нь өмнөөс турхирах тактик баримтлах болжээ. Үүний илрэл болж захиалгаар байгуулагдсан Орон нутгийн иргэний зөвлөл нэртэй ТББ нутгийнхныг төлөөлөн ажлын байраар Ноён уулаа арилжих, нийгмийн халамжаар орд газар болон эрүүл аюулгүй орчноо золиослохыг уриалж эхлэв. Тэгэхдээ тэд Ноён уулыг зөвхөн Мандал сумынхны өмч мэтээр эндүүрч байгаа нь харамсалтай. Ноён уул бол Монголын төдийгүй дэлхийн өмч, түүх соёл билээ. Газар нутаг, түүх соёлоо цалин, өдрийн хоол, ажлын байр төдийгөөр зарахад бэлэн гэдгээ илэрхийлэн, бүх монголчуудын дургүйцлийг төрүүлж буй урвагчид болох Орон нутгийн иргэний зөвлөл хэмээгч нь Сентерра гоулдын үйл ажиллагаанд хяналт тавих юм гэсэн. Чононд хоньхадгалуулдгийн үлгэр болох нь энэ үү?” хэмээн бичсэн байна.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ