“Дүнжингарав-2015”-ыг дагаад цэнгэ цэнгэ

“Дүнжингарав-2015” уралдааныг дахин зохион байгуулахаар боллоо. Энэ шийдвэрийг Монголын морин спортын уяачдын холбооноос гаргасан юм. Учир нь тус уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан айхавтар явдал гарчээ.
Энэ асуудлаар нэр бүхий уяачдаас сүрхий сүрхий гомдол санал ирсэн аж. Тэдний гомдлын дагуу Үүлдэрлэг байдлаар ялгах комисс гэгч сүрхий нэртэй нөхөд тэдгээр морьдын үүлдрийг нягталж үзээд албан ёсны цувааг дахин гаргахаар болж л дээ.
Тэгэхээр үүлдэр шалгах зорилготой ажиллаж байсан комисст багтсан хэдэн нөхөд ажил үүргээ дутуу хийсэн болж таарах нь. Аа ингэснээс болоод Дүнжингаравын хоёр насны уралдааныг дахихаар болж л дээ. Бантан, бантан.
Бусдын хийдүүлсэн ажлын төлөөсөнд балчир үрс дахин морьдын нуруун дээр хавирга нэвт тачигнасан хаврын хавсарганд мордох болов. Морьдын үүлдэр гарлын талаар гомдол гаргаж, уралдааныг дахих шийдвэр гаргасан тэр эрхмүүдийн санаанд унаач хүүхдийн эрх, эрүүл мэндийн асуудал зурвас ч атугай орсон болов уу.
Тэд зөвхөн морьдынхоо бай шагналын араас гомдоллон гүйсээр санасандаа хүрлээ. Харин өрөөлийн үр хүүхдийн ирээдүйг огтхон ч дуурссангүй. Уралдаан болгонд хүүхэд унаж бэртлээ, тэр бүү хэл амиа алдлаа гэх харамсалтай мэдээ чих дэлссээр байна.
Гэвч Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд болон бусад хууль хяналтын байгууллагынхан “мориноос унасан хүүхэд хүнд бэртээгүй” гээд л өнгөрдөг. Байнга энэ сэдэв яригдсаар байгаад одоо бол хүнд биш л бол иргэд бэртээгүйтэй адил хүлээж авдаг болж.
Монголчууд бид мориндоо хайртай ард түмэн. Гэхдээ үр удмаасаа илүүтэй хайрлаж байсан нь юу л бол. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын эхээр Хөвсгөл аймагт болсон хаврын бүсийн хурдан морьдын уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноосоо унасан байна. Мөн л хүнд гэмтэл аваагүй, эрүүл мэндийн тусламж авсан гэсэн мэдээлэл өгчээ. Унаснаас болж хөнгөн гэмтэл авах нь байх ёстой зүйл мэт ханддаг болсон манайхны аливаад дасамтгай, хүлцэнгүй зан заавал үхэл хагацлыг үзэж байж цочрол авах ёстой гэж үү.
Энэ асуудалд төр засгаас тодорхой хэмжээгээр анхаарал хандуулж байгаа хэдий ч төдийлөн дэмжлэг авах эсэх нь тодорхойгүй. Саяхан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянга зэрэг нэр бүхий эмэгтэй гишүүд 16-гаас доош насны хүүхдүүдийг морь унахыг хориглох тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан талаар мэдээлсэн. Үүнийг дэмжих иргэд олон ч гэлээ морио хайрладаг монгол түмэнд 16-гаас дээш насны унаач хүүхэд хэр олон олдох бол.
Ингээд эцэс төгсгөлгүй асуултын дундуур манай төрийн хэдэн томчууд, хөрөнгө бэлтэйхэн бизнесмэнүүд зугаа цэнгэлээ үргэлжлүүлхээр, намайг дагаад цэнгэ цэнгэ гээд ч байх шиг
"Дүнжингарав 2015 "-ыг дагаад цэнгэ цэнгэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ