Би Немцовыг хөнөөсөн

Борис Немцовыг хөнөөсөн сэжигтнүүд болох зургаан этгээдийн тавыг нь ОХУ-ын прокурорын газраас баривчлаад буй. Зургаа дахь этгээд болох Беслан Шаванов гэгчийг гуравдугаар сарын 08-нд Чеченийн Грозный хотод байх гэрт нь бүслэн хааж баривчлах үеэр гар бөмбөг дэлбэлж өөрийгөө егүүтгэсэн юм. Баривчлах ажиллагааны үеэр тэрээр нэг гар бөмбөгийг цагдаа нарын зүг шидээд өөр гар бөмбөгөөр өөрийгөө дэлбэлсэн байна.
Мөн тэр өдөр Москвагийн Басманы тойргийншүүх Борис Немцовыг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд Заур Дадаев, Хамзад Бахаев, Тамерлан Эскерханов, Анзор ба Шагид Губашевынхан нарын таван хүнийг баривчлах шийдвэр гаргасан байна.
Ингэснээр таван сэжигтэн Немцовын үхэлд сэжиглэгдэж тэднээс байцаалт авч байна. Чеченийн Дотоодыг хамгаалахын тусгай отрядад 10 гаруй жил алба хааж явсан, одоогийн Чеченийн ерөнхийлөгч Кадыровын дотны анд болох Заур Дадаев Борис Немцовыг өөрийн гараар буудан хөнөөсөн гэдгээ хүлээжээ.
Түүнийг Немцовыг буудах зуурт ойролцоо замын дэргэд зогссон машиндаа мөн л чечень гаралтай, Орост 10 жил амьдарсан, супермаркетад хамгаалалтын ажилтан хийдэг, ах дүүс болох Анзор Губашев, Шагид Губашев нар хүлээж байсан аж. Тэр гуравтай хамт машинд явсан дөрөв дэх этгээд ньХамзад Бахаев уу, Тамерлан Эскерханов уу гэдгийг одоохондоо мэдээлээгүй байна.
Немцовыг юуны тулд хөнөөснөө ч Дадаев шуудхан тайлбарласан байна. "Немцов исламын шашинтнуудыг тэр ч бүү хэл гэгээн Мухамедыг доромжилсон хүн, би зүгээр л бурхны шийтгэлийг өгсөн, тэр хэзээ нэгэн цагт энэ шийтгэлээ амсах л байсан" хэмээн тэр байцаагчийн асуултад хариулсан байна. Эндээс аллагын шалтгааныг Чарли Эбдотой ялгаагүй учир шалтгаанаар төсөөлж болох. Тэгвэл үнэхээр улс төр Немцовын үхэлд хамаагүй юу, захиалгат аллага байсан уу үгүй юу, тийм бол эдгээр чечень залуусын ард хэн байна гэдэг асуулт одоогоор хариултгүй түмэн таамаглал нэхэн хэвлэлүүдээр бичигдэж байна.
Мөн гар бөмбөг дэлбэлж цагдаа нарын гарт орохгүйн тулд амиа егүүтгэсэн Беслан Шаванов юуны тулд ийм алхам хийв. Түүнийг Немцовын аллагад оролцоод Чеченийн Грозный руу явсан гэхэд итгэмээргүй, учир нь түүнийг ойрын үед гэрээсээ хол яваагүй болохыг гэрчүүд ч баталж байгаа юм. Тиймээс Беслан Шаванов гэгч чечень эр Немцовын аллагад ямар сэжмээр алс холын Грозныйгоос холбогдсон нь анхаарал татаж байна.
Энэ дашрамд Оросын тусгай албад богино хугацаанд маш сайн ажилласан гэдгийг хэвлэлүүд тэмдэглэж байна. Учрыг мэдэх хүний яриагаар бол гэмт этгээдүүд 90-ээд оны үеийн тусгай албаныханы арга барилыг гадарлахаас өнөө цагийн Оросын тусгай албад ямар техник хэрэгсэлтэй, ур чадвар нь ямар өндөр түвшинд байгааг дутуу үнэлж тооцсоноос баригдсан гэнэ.
Заур Дадаев гэж хэн бэ?
Немцовыг өөрийн гараар буудан хөнөөсөн гэж мэдүүлсэн Заур Дадаев гэгч хэн бэ?Борис Немцовыг хөнөөсөнхэрэгт сэжиглэгдсэн Чечень улсын ДХЯ-ны “Север” суманд алба хааж байсан Заур Дадаевыг мэддэг байсан тухайгаа, түүнийг “Оросын жинхэнэ эх оронч”гэж үздэг тухайгаа Чечений тэргүүн Рамзан Кадыров мэдэгдсэн нь шуугиан дэгдээсэн. “Заур цэргийн хорооны хамгийн зоригтой дайчин байлаа. Тэрбээр дээрэмчдийн томоохон бүлэглэлийн эсрэг Беноя орчим явуулсан тусгай ажиллагааны үеэр онцлон тодорсон юм” хэмээн Кадыров өөрийн Instagram-д гуравдугаар сарын 8-нд бичсэн байна.
“Заурыг мэддэг хүн бүр л түүнийг гүнзгий итгэл үнэмшилтэй исламын шашинтан, мөн бусад исламистуудын адил Чарли Эбдо сэтгүүл гэгээн Мухамедын шог зураг нийтэлсэнд цочирдсон гэж надад ярьцгаадаг” хэмээн Рамзан Кадыров өгүүлсэн байна.
Мөн Немцовын аллагын өөр сэжигтэн, өөрийгөө гар бөмбөгөөр дэлбэлсэн Беслан Шавановын талаар Кадыров ярихдаа зоригтой дайчин гэжээ.
“Дадаев үнэндээ буруутан уу, түүний хэрэг үйлдэх шалтгаан юу байв гэдгийг тогтоосон нарийн мөрдөн байцаалтыг явуулна гэдэгт бид найдаж байна” гэж тэр мэдэгджээ.






Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ