Гурван настнуудыг энэ жил авахгүй, анги дүүрсэн гэх асуудал үүсчээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар эцэг эхчүүдийн хамт мэдээлэл хийлээ. Тэрээр Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдийн бүртгэлийн үйл явцтай танилцжээ.

Энэ сарын 16-нд нийслэлийн боловсролын газраас зөвлөмж гаргасан билээ. Энэ зөвлөмжийн хүрээнд цэцэрлэгүүд бүртгэлээ эхлүүлсэн байна. Б.Сүхбаатарын хэлж буйгаар цэцэрлэгийн эрхлэгч нар бүртгэлээ ил тод явуулахгүй байгаагаас асуудал үүсч байгаа аж. Мөн цэцэрлэгүүд өнгөрсөн жил гурав, дөрвөн настнуудын элсэлт аваагүй, хоёр настнуудаас сугалаагаар 50 хүүхэд авсан. Харин сугалаагаар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хоёр настнууд энэ жил бүртгүүлэх гэхээр гурван настнуудыг энэ жил авахгүй, анги дүүрсэн гэсэн асуудал мөн үүсээд байгаа юм байна. Тэрээр цааш ярихдаа "Өнгөрсөн жил сугалаагаар 50 хүүхэд авсан боловч энэ жил 50 хүүхэдтэй анги нь 160-180 хүүхэдтэй болчихсон байдаг. Энэ асуудал дээр эцэг эхчүүд маш их бухимдалтай байна. Иймээс цэцэрлэгийн бүртгэлийг цахим байдлаар явуулах хүсэлтийг маш ихээр ирүүлж байна." хэмээн дурдлаа. Энэ дагуу Б.Сүхбаатар төлөөлөгч хариуцсан ажилтнуудтай нь уулзан цэцэрлэгийн бүртгэлийг цахим байдлаар явуулах хүсэлт тавьсан байна. Мөн энэ чиглэлээр холбогдох албаныхантай уулзаж байгаа гэдгээ хэллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ