Хамтын тэтгэвэр “баяртай ” болох уу

Сангийн сайд өчигдөр хэд хэдэн чухал хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьчихаад байна. Төсөв хүндэрсэн дарамтаас үүдэн өргөн барьсан хуулийн өөрчлөлтүүд дотор татвар нэмэх, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн заалт байгаа юм. Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувиар нэмэгдүүлэх, Тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй /4500см³-аас дээш/ суудлын автомашинд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос хойш 7-гоос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах, 150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах зэргийг тусгажээ.
Нөгөө талд нь тэтгэвэр тэтгэмжийн хүрээнд нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан байгаа. Үүн дотор өндөр настнуудын урмыг хугалсан нэг заалт байгаа юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд жилд 53.3-75.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул уг хуулийг хүчингүй болгох ... гэсэн энэ хуулийн төслөөр бол насан туршийн ханийнхаа ард амьжиргаандаа тэтгэврийг нь нэмэрлээд үлдэх ахмадуудын хүлээлт мөрөөдөл болж байна.
Ээлжит бусаар яаралтай оруулж төсвийн тодотголоо танах болсон хуулийн төслүүд доторбайгаа өөр нэгэн нэгэн хууль бол Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Яг ямар өөрчлөлт оруулж байгаа талаарх тайлбар нь “нууц” байгаа энэ хуулийн төслөөр хүүхдийн мөнгийг хязгаарлах тухай заалт орсон байх гэж хэвлэлийнхэн хардаж байгаа юм. Одоо ДНБ ний -20 хувьд хүрээд байгаа нэгдсэн төсвийн нийт алдагдалыг 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -18.2 хувьтай тэнцүүлэхийн тулд ийнхүү хүүхдийн мөнгө тэтгэврийн халамжийн сан зэрэг нь танагдаж иргэдийн амжиргаанд шууд дарамт үзүүлэх хуулийн төслийг ээлжит бусаар бөөндөж магадгүй байна.
Мөн нэмж хүргэх нэг хов байгаа юм. Түрүү долоо хоногийн баасан гарагт эмнэлгийн салбарынхныг жирийтэл суулгаж байгаад Ерөнхий сайд уулзалт хийсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын төсвийг хасахгүй, эмч ажилчдаа харна анхаарна гэж дахин давтан хэлснийг сайтууд онцлон мэдээлж байсан. Гэтэл өчигдрийн сангийн сайдын өргөн барьсан хуулийн төслүүд дотор “Эмнэлгийн ажилчдад олгох урамшуулалд жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа учир энэхүү урамшууллын хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах” гэсэн заалт орчихсон явна.
“Хэний төлөө юуны тулд... ” гэж цэрэг эх орончдын дууны үг байдаг. Энх дэлгэр энэ цагт энэ ард түмэн хэний төлөө юуны тулд ийн хүндийг үүрч бүсээ чангалж байх ёстой юм бэ гэж асуумаар. Эцсийн дүндээ бол эрх баричгдын урагшгүй бодлогоор ухаангүй төр барьсаны горыг л энгийн иргэд амсаж байна.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ