Банк дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Энэ сарын 22-нд Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкинд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, мөнгө дээрэмдсэн хэрэг гарчээ. Энэхүү хэргийг хутгаар зэвсэглэсэн үл таних хоёр этгээд үйлдсэн байна.

Тэд банкны теллерийг сүрдүүлж, 20 гаруй сая төгрөг, гар утаснууд дээрэмдээд зугтсан аж. Гэрчүүдийн мэдээлснээр сэжигтэн этгээдүүд 19-20 орчим насны, 170 орчим см өндөртэй байсан гэнэ.

Хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг яаралтай эхлүүлжээ.

Тэгвэл гэмт этгээдүүд өчигдөр орой Сайхандулаан сумын хүн эмнэлгээс бензин аваад явсан тухай тус эмнэлэгт байсан сахиур хэлж байна. Тэд нүүрэндээ цагаан маск зүүсэн төдийгүй агаарт нэг удаа хий буудаж хүмүүсийг сүрдүүлэн унаж явсан мотоциклдоо бензин хийгээд зугтжээ.

Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Сайншандаас 90 км хавьцаа Хүрээтийн ус хэмээх газраар явсан гэх мэдээлэл байна. Одоогоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ