ЧУУЛГАН: Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж гишүүдийн 71,9 хувь нь дэмжлээ.
Хуралдааны үеэр өнгөрсөн парламент ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг ёсчлоогүй хуулийг хэрэглэсэн гэж үзээд хугацаанаас нь өмнө буулгаж байсан. Гэтэл одоо ёсчлоогүй хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах гэхээр хүчин төгөлдөр хууль гэж зүтгээд байх юм гэж АН-ын гишүүдийг шүүмжиллээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Зөрчлийн хуультай холбогдуулж өөрийн саналаа хэллээ.
-Хэрэгжих хугацааг хойшлуулах нь зөв. Эргэж харах олон асуудал бий. Тухайлбал компанийг торгох тухай асуудал нь хэрээс хэтэрсэн их торгууль тавих болчхоод байна. Компаниуд олдог орлогоосоо илүү торгууль тавьчихвал бэрх болно. Харин хойшлуулах хугацааны хувьд 2017 оны долдугаар сарын 1 хол байна. Хэрэв Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлбэл 400-500 хүн чөлөөлөгдөх тухай асуудал яригдаад байгаа юм байна лээ. Иймд дөрөвдүгээр сарын 1 юм уу гуравдугаар сарын 1 гэж наашлуулах боломж байна уу. Дээр нь сэтгүүл зүйн салбарт 6000 хүн ажиллаж байна. Энэ нийгмийг соён гэгээрүүлж, хөдөлгөх хүч нь болж байгаа хүмүүс шүү. Сэтгүүл зүйтэй холбоотой үйл ажиллагааг эрүүгийн хуулиар шийддэг манайхаас өөр орон байхгүй болчихсон. Иймд хүн гүтгэсэн сэтгүүлчийг шоронд хорихоос илүү ёс зүйн шийтгэл хүлээлгэх нь зөв шийтгэл. Цаашид ажлын хэсэг Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт хийгээд оруулж ирэхдээ хэвлэлтэй холбоотой заалтыг өөрчлөх юм бол сэтгүүлзүйн салбар босох байх шүү.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ёсчлон батлаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг таван хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ