Г.Отгонцэцэг болон түүний багшийг Казакстаны хүндэт одонгоор шагнажээ

Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 48 кг жингийн барилдаанд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглосон Г.Отгонцэцэг олимпийн хүрэл медаль хүртсэн билээ. Энэхүү амжилтыг нь үнэлж, Казахстан улсын Дотоод явдлын яамны сайд, хурандаа генерал К.Касымовын тушаалаар “Kyrmet” одонгоор шагнасан байна. Мөн түүний багш, дасгалжуулагч Д.Энхбаатарыг тус одонгоор шагнажээ. "Қyrmеt" гэдэг нь Казах хэлээр "Хүндлэл" гэсэн үг аж. Уг одон нь Казахстан улс тусгаар тогтносон 1993 оноос хойш эдийн засаг, соёл урлаг, спортын салбарт өндөр амжилт ололт гаргасан хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог одон юм байна.
Мөн Д.Энхбаатар, Г.Отгонцэцэг нарыг Дотоод Явдлын яамны сайд xурандаа генерал К. Касымовын тушаалаар "Динамо" нийгэмлэгийн тамирчнаар авчээ. Түүнээс өмнө Казахстан улсын төр засгаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхдагч олимпийн медальтан болсныг нь үнэлж Г.Отгонцэцэгийг “BMW” загварын машин, 75000 ам.доллар, нэг өрөө байраар амжилтыг нь урамшуулсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ