Ерөнхийлөгч 1600, Ерөнхий сайд 1000 хүрэхгүй долларын цалинтай
Цалингаа хасуулах дуртай хүн гэж байхгүй, бүгд дургүйцэнэ. Тэгсэн хэрнээ бусдын цалинг хасуулахад дуртай маягтай. Монгол зан шиг байгаа юм. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчдийн цалинг хасуулахыг нийтээрээ шахуу дэмждэг. Энэ нь тэднийг өндөр цалин авдаг гэж нийгмээрээ ойлгодог, дарга нарын сард хэдэн төгрөгийн цалинг авдаг тухай мэдээлэл нь нууц учраас тэр байх. Уг нь хүний хэтэвч рүү өнгийх, цалин орлогыг мэдэх, нийтэд зарлах нь хамгийн муухай. Харин ард түмний татвараас цалинждаг, нийтийн албанд ажиллаж байгаа төрийн өндөр дээд албан тушаалтнууд, улстөрчид бол өөр хэрэг. Тэд цалингаа нийтэд зарлуулахыг зөвшөөрсөн учраас л улстөрд яваа, АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг.
Сүүлийн өдрүүдэд төсвийн хэмнэлт хийх Засгийн газрын бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээ нийтэд ил болж, тэдний цалинг 30 хувь бууруулах санал оруулжээ. Жилийн цалинг нь жагсаасныг харвал өндөр дүн мэт. Гэтэл бодит байдал дээр авдаг цалинг нь сараар хуваавал арай өөр дүр зураг харагдана. Сардаа Ерөнхийлөгч 3.4 сая, УИХ-ын дарга, Ерөнхий сайд 1.9 сая, гишүүд 1.4 сая төгрөгийн цалинтай юм байна. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын цалин шүү дээ. Доллараар бодвол Ерөнхийлөгч нь 1600, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь 1000 хүрэхгүй л долларын цалинтай улс юм байна, Монгол маань. Төрийн өндөр дээд эдгээр албан тушаалд хэн байхаас үл хамааран хашиж байгаа албан тушаал, нийгмийн хардлагатай харьцуулбал үүнийг өндөр цалин гэх үү, мэдэхгүй.
Бодит үнэн бол олон нийт өндөр цалин авлаа гэж дарга нарт дургүйцдэггүй. Харин улсаа хөгжүүлж, ард түмнээ сайхан амьдруулж чадахгүй байгаад нь л нийгмээрээ дургүйцэж, чаддагаар нь “цалинг нь хас” гэж нийтээрээ бухимддаг. Гэтэл дарга нарт цалин нь тийм чухал байдаг ч юм уу, үгүй юм уу, бас л мэдэхгүй юм. Үгүй бол манай дарга нар авдаг цалиндаа тааруулж ажилладаг юм болов уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ