Зарим хуулийн төслийг хэлэлцэхгүй гэх санал дэмжлэг авсангүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг нэмэхгүй, Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэжээ. Харин архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэх Засгийн газрын саналыг бүлэг дэмжсэн байна.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Улсын төсвөөс болон төсвийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр оруулсан хөрөнгө оруулалтыг дотор нь хэд ангилж үзсэн. Төсөвт өртөг нь нэмэгдсэн объектуудын дахин нэмэгдсэн хөрөнгийг олгохгүй, шинээр нэмэгдсэн зарим объектын санхүүжилтийг төсвийн тодотголоор хасах шийдвэр гаргалаа.Харин хүн амын орлогын албан татварын талаар Засгийн газраас оруулж ирсэн төсөл хэвээр үлдсэн. Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлыг үндсэндээ 90 тэрбум төгрөгийн тэтгэлгийн сангийн бонд бий болгоод сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох замаар шийдэхээр болсон. Хүүхдийн мөнгийг 60:40 харьцаагаар олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, нийт хүүхдүүдийн 60 хувь буюу зорилтот бүлэгт олгох, үлдсэн 40 хувьд нь олгох мөнгийг хуримтлал үүсгэн гурван жилийн дараа өгөхөөр шийдвэрлэсэн. Төсвийн ерөнхий тэнцлийг тодорхой төвшинд сайжруулах чиглэл өглөө. Энэ чиглэлээр төсвийн алдагдал тодорхой төвшинд буурна гэж тооцож байгаа” гэв.

Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр ч УИХ-ын гишүүн Х.Баделхан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдэд хөндөгдсөн асуудлууд нь цаг үеэ олоогүй, татвар, шимтгэл нэмэгдүүлэхээр байгаа тул эдгээр төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж байжээ. Бусад хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн аж. Харин УИХ-ын өчигдрийн чуулганаар дээрх асуудалтай холбогдуулан санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд нэр бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжээгүй байна. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ