Засаг дарга асан Б.Батзоригийг шалгуулахаар УИХ-ын даргад хандав

БЗД-ийн 20 дугаар хорооны иргэд тус дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийг газрын наймааны хэргээр шалгуулах өргөдөлөө УИХ-ын дарга М.Энхболдод өгөхөөр Төрийн ордны гадаа цуглажээ. Хэрэв УИХ–ын дарга хүсэлтийг нь хүлээж авахгүй бол иргэд тэмцлийн хэлбэрт шилжиж, улмаар амиа егүүтгэхэд ч бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдэж байсан юм. Тэдний бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн асуудал бол УИХ–ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа иргэн бүрт өмчлүүлэх ёстой 0.07 га газрыг тус дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт орчмын уугуул оршин суугчдад олголгүй танил тал, ах дүү хамаатандаа өгсөн гэлээ. Иргэд оршин суух газраа өмчлөн авахын тулд холбогдох газруудад удаа дараа хандсан боловч Засаг даргын захирамжаар иргэдийн хүсэлтийг цуцалсаар байжээ. Тийнхүү 2008 оноос хойш өнөөг хүртэл тэд энэ асуудлаар дүүргээс гадна Газрын алба, Авлигатай тэмцэх газар гээд бүх шатанд хандсан ч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй гэнэ. Тэд өнөөдөр 100 орчим өрхийн төлөөллийн гарын үсгийг цуглуулсан аж.

Иргэн Н.Чулуунцэцэг “Би Гачуурт орчимд 30 гаруй жил амьдарч байна. Өөрийн гэсэн хашааны газаргүй өнөөг хүртэл амьдарлаа. Бид оршин сууж буй газраа өмчилж авахаар 2008 оноос хойш хөөцөлдлөө. Тухайн үед БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Батзориг гэх энэ хүн бидний хүсэлтийг хүлээж авдаггүй, өөрт ашигтай захирамж гаргасаар биднийг амьдрах орчингүй болгож байна. Засаг дарга Д.Пүрэвдаваа ч мөн адил. Хүчингүй болгосон, хуурамч, давхардуулсан захирамж гаргасаар бидний газрыг өмчлүүлэхгүй байна. Ядарсан, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дүүргийн удирдлагууд ялгаварлан гадуурхаж ханддаг. Бид энэ хүнийг шалгуулах хүсэлтэй байна. Энэ хүн өөрийн хамаатан, ах дүүстээ тэр газрыг өмчлүүлсэн байдаг” хэмээсэн юм.

Ийнхүү дээрх иргэд энэ удаад асуудлыг шийдвэрлэж, хуулиар олгосон газрыг нь олгохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ