Байгаль экологид хохирол учруулж буй иргэд, ААН-ийг шалгаж байна

"Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил болон шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Ерөө, Хүдэр сумд болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар Сумдын ИТХ, Засаг даргын тамгын газраас Хүдэр, Могойн голуудад зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг газар дээр нь очиж үзлэг шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтаар Иргэн С гэгч захиралтай “Агро копт” ХХК нь Хүдэр сумын “Нуурын тагт” гэх газарт олборлолт явуулж, 95 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн иргэн Б Ерөө сумын Могойн гол гэх газарт хууль бус аргаар олборлолт явуулж, байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байна. Тиймээс эдгээр хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Мөн иргэн Б Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож, 270 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорын байгууллагад материалыг нь хүргүүлжээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны албадтай хамтарсан ажлын хэсэг “Б”, “Г, “Б” нарт холбогдох гол усыг бохирдуулсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн иргэдээс ирж буй мэдээллийн дагуу цагдаагийн болон холбогдох байгууллагууд шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Байгаль орчны гэмт хэрэгт холбогдсон дээрх сэжигтнүүдийг одоогоор цагдан хориод байгаа ажээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ