Хот руу орох бүх товчоог шинэчлэн зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас Улаанбаатар хот руу орох товчоодыг хэрхэн шинэчлэн зохион байгуулах болсныг тодрууллаа.
-Баянзүрхийн товчоог шинэчлэх боллоо. Хэзээ нүүлгэх вэ?
-Эхлээд Зам тээврийн хөгжлийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулна. Өнөөдөр (өчигдөр) ажлын хэсэг байгуулах сайдын тушаал гарсан байх учиртай. Энэ товчоо нь суурьшлын бүсэд байрлаж буй учир нүүлгэхээс өөр аргагүй. Ер нь бол шалган бүртгэх товчоо гэдэг чинь хот руу орж буй хөдөлгөөнийг шалгадаг. Гэтэл уг товчоо хот дотор байрлаж буй. Үүнээс үүдээд өнөөдрийнх шиг хорио цээрийн дэглэмтэй үед халдваргүйжүүлэлт хийхэд айлуудын дэргэд хяналтын цэг байрлаж буй нь тийм ч зохимжтой биш байна. Тиймээс хотын удирдлагууд санал тавьж, энэ товчоог Налайх дүүргийн IV зөрлөг рүү нүүлгэх болсон. Тодруулж хэлбэл, “МАК”-ийн хөнгөн блокын үйлдвэрийн харалдаа аваачих юм. Ингэснээр Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймгаас ирж буй машинуудыг шалгана.
-Тийш нь нүүлгэхэд ажилчдын байрлах байр гэх мэт асуудлыг шийдэх шаардлага гарах байх.
-IV зөрлөг дээр Авто замын хөгжлийн газрын байр бий. Тэр байрыг ашигладаггүй. Тэнд улсын чанартай зам ашигласны төлбөр, хураамж авах болон хүнд даацын машиныг жинлэдэг юм. Ингэхдээ байрны ганц өрөөг л ашигладаг.Тиймээс сул орон зайг нь түшиглэж, нийслэлийн Мал эмнэлэг, Онцгой байдлын, Авто замын, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын мэргэжилтнүүдийг төвлөрүүлье гэж байгаа юм.
-Тэгвэл байрны ашиглалтыг хаанах нь хариуцах юм бэ?
-Ашиглалтын зардлыг тэнд үйл ажиллагаа явуулах нийслэлийн харьяа таван байгууллага хувааж төлнө.
-Тэрэлжийн замд байдаг шалган бүртгэх товчоог үүнтэй холбогдуулан шинэчилнэ гэсэн, үнэн үү?
-Уг товчоонд нийслэлийн Онцгой комиссын даалгавраар ажиллаж буй хүмүүс гэр, майханд байрладаг. Хотын иргэдийн эрүүл ахуй, аюулгүй байдлын төлөө ажиллаж буй хүмүүс ийм байдалтай байх учиргүй гээд салбарын яаманд санал гаргаж, шинэчлэх юм.
-Шинэ барилга барина гэсэн үг үү?
-Шинээр барилга барьж, зарлага гаргахгүй. Эдийн засаг уналтад орсон ийм үед хуучин байруудыг түшиглэх зарчмаар зохион байгуулна.
-Шалган нэвтрүүлэх шинэ товчоо байгуулна гэсэн. Ажил нь хэзээ эхлэх вэ?
-Гүнтийн давааны замыг шинэчилж, Батсүмбэрийн зам нээгдэж буй. Ингэснээр Улаанбаатар руу шууд орох шинэ чиглэлийн зам бий болж байгаа юм. Тиймээс тэр замд шинэ товчоо байгуулна. Хэзээ ажил эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Ер нь энэ мэтээр шалган бүртгэх товчоодын үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Тухайлбал, хамгийн эхэнд Эмээлт суурингийн товчоог байнгын ажиллагаатай болгоно. Ингэснээр мэргэжлийн байгууллагуудын ажиллах нөхцөл сайжирна гэж үзэж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ