“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ

“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт эхэллээ. Улс төрийн үйл явцтай холбоотойгоор “Тогтвортой байдлын төлөө” хэмээн уриан дор эхэлсэн хоёр өдрийн тус чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар нээж үг хэлэв. Энэхүү чуулга уулзалтын эхний салбар хуралдааныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хөтлөн явуулж байна.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд “Энэ жилийн “Дисковер Монголиа” маш онцлог үед болж байна. УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Нэг нам дийлэнх боллоо. Эдийн засаг хүндхэн энэ үед улстөрийн бужигнаан эдийн засагт давхар дарамт болохгүй болов уу гэсэн найдлага, хүлээлт хөрөнгө оруулагчдад байна. Тэр ч утгаараа “Дисковер Монголиа” “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриаг сонгоод байгаа. “Дисковер Монголиа”-гийн хөрөнгө оруулагчдыг татдаг хамгийн гол арга хэмжээний нэг нь “Засгийн газрын цаг" байдаг. “Засгийн газрын цаг”-ийг зохион байгуулахад Уул уурхайн яамнаас бүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдсэн” хэмээн хэлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ