Гадаад паспортын хэвлэлт ирэх сараас хэвийн явагдана гэв

Гадаад паспортын бэлдэц дууссан учраас хэвлэхгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Үүнтэй холбоотойгоор 100 айл дахь Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадна гадаад паспорт авах хүсэлтэй иргэдийн дараалал үүсээд байгаа аж. Энэ талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэдээс гадаад паспорт хэвлэгдэхгүй байна гэсэн гомдол ирээд байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Гадаад паспортын хэвлэлт хэвийн байгаа. Манай ИБГ өдөрт дунджаар 500 хүнд үйлчилж, гадаад паспортын захиалга авдаг. Эдгээр иргэдийн захиалсан паспорт ажлын 10 хоногт хэвлэгдэн гарч, гар дээр нь очиж байгаа.Харин яаралтайгаар буюу гурав хоногийн дотор хэвлэгдэн гардаг захиалгыг бэлдцийн нөөцөөс хамаараад түр зогсоосон байгаа. Гэхдээ гадаадад эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, сургуульд сурах, хурал, чуулганд суух, тэмцээ уралдаанд орох зэрэг яаралтай гадаад улс руу зорчихоор болсон 100 гаруй иргэний асуудлыг шийдвэрлэн өгч байна.

-Паспортын бэлдцийн нөөц дуусаж байгаа гэсэн үг үү?

-Иргэний бүртгэлийн газарт жилд дунджаар 120 мянган иргэнээс гадаад паспорт авах хүсэлт ирдэг байсан бол иргэдийн гадаадад зорчих нь ихсэж сүүлийн 2 жилд жил тутам шинээр гадаад паспортын захиалга 190 мянган иргэнээс ирэх болсон. Энэ оны эхний долоон сарын байдлаар 122 мянган иргэн паспортын захиалга өгсөн. Тиймээс төсөвт нэмэлт тодотгол хийлгэж бэлдцийг нэмж захиалах шаардлага гарсны дагуу манай байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард Сангийн яаманд хүсэлт гаргасан.

Сангийн яам өнгөрсөн сард урьдчилгаа шийдвэрлэж өгснөөр захиалга хийгдсэн байгаа. Захиалсан бэлдэц энэ сарын сүүлээр ирнэ. Тиймээс ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн яаралтай захиалга хэвийн явагдана. Энэ асуудлыг дахин гаргахгүйн тулд ирэх оны төсвийн саналыг хүрэлцэхүйц байхаар өгсөн.

-Гадаад паспорт захиалах хүсэлтэй иргэд танай байгууллагад хандахад “есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл материал хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн гэх юм. Ямар учраас ингэсэн юм бол?

-Иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчилж, дараалал үүсгэн, чирэгдэл учруулахгүйн үүднээс энэ сард үйлчлүүлэх иргэдэд өмнөх сард дугаар олгосон юм. Тиймээс иргэд дугаар дээр бичигдсэн өдөр, цагтаа материалаа бүрдүүлэн ирж гадаад паспортаа захиалж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ