Уртын дуучдын олон улсын уралдаанд 201 уртын дуучин оролцож байна

Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Н.Норовбанзадын мэндэлсний 85 насны ойд зориулан Уртын дуучдын олон улсын уралдааныг энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус уралдаан нь уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн дуучдын дуулах арга техник, хэв намба, дэг сургалтыг судлах, сурталчлах зорилготой.
Уралдаанд 201 уртын дуучин оролцож цар хүрээ нь улам тэлж буйг зохион байгуулагчид онцолж байна. Тухайлбал, ардын авьяастны ангилалд Япон, Солонгос, ОХУ-аас, мэргэжлийн ангилалд БНХАУ-аас дуучид өрсөлдөж буйгаас хамгийн бага нь Дундговь аймгаас 8 настай охин, ахмад нь 86 настай дуучин байна.
Уралдааны шүүгчээр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, профессор Н.Жанцанноров, Ардын жүжигчин А.Нэргүй, Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан, Төрийн соёрхолт, доктор, профессор С.Соронзонболд, Өвөрмонголын нэрт хөгжмийн зохиолч С.Энхбаяр, МУГЖ, доктор Ц.Чулуунцэцэг, МУГЖ Д.Түвшинжаргал, Д.Баттөмөр, Л.Идэрбат, урлаг судлаач, доктор Д.Энхцэцэг, Б.Оюунбадрах, СТА, уртын дуучин Б.Батмэнд нар ажиллаж байна.
Харин уралдааны шагналыг маргааш АСЕМ Вилла хотхоны хүндэтгэлийн гэрт болох “Уртын дууны баяр”-аар гардуулах юм. Энэ үеэр Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын 85 насны ойд зориулсан “Уртын дууны хатан хаан” номын нээлт, хүндэтгэлийн тоглолт болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ