36 сараар олгодог тэтгэмжийг нягтлахаар болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Дээрх хэлэлцүүлгийг хийхийн өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулга хийсэн юм. Үүгээр бол төрийн өмчийн 95 цэцэрлэгт шаардагдаж байсан 1.4 тэрбумын, оюутны тэтгэлгийг энэ оныг дуустал олгоход шаардагдах 20.5 тэрбумыг тус бүр нэмж олгохоор болж, 2016 оны төсвийн тодотголд тусгасан талаар тодотгов.
Мөн төрийн албан хаагчдыг тэтгэвэртээ гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийг 1-36 сар хүртэл олгодог байсныг 1-12 сараар олгохоор болж Засгийн газраас оруулж ирсэн санал хэвээр батлагдахаар болж буйг онцоллоо. Учир нь энэ асуудлыг УИХ, Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх үед өөрчлөх саналыг гишүүд гаргаагүй гэв. Мөн өнөөгийн эдийн засгийн бодит байдлыг авч үзэхэд төсвийн орлого нь зээл, цалин, тэтгэвэртээ ч хүрэхгүй нөхцөл байдал үүссэн тул бодит байдлыг сайтар ойлгох ёстой гэлээ.
Харин УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Төсвийн тодотголыг байнгын хороогоор хэлэлцэх үед эмч, багш нарын тэтгэвэртээ гарахад авдаг нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг хэлэлцсэн,зөв шийдлийг нь олох ёстой гэж үзсэн” гэдгийг сануулав. Улмаар энэ асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд протоколуудыг нягтлахаар боллоо.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ