Сноуден Москвад хэрхэн амьдарч байгаагаа ярьжээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Москвад хэрхэн амьдарч байгаа тухайгаа “Файнэншл таймс” сонины сурвалжлагчид ярьжээ. Ярилцлага есдүгээр сарын 9-ны баасан гарагт тус сонины сайтад тавигдсан байна.
Сэтгүүлч оросын нийслэлийн төвийн нэг зочид буудалд Сноудентай уулзжээ. Нууц албаны хуучин ажилтан товлосон цагаасаа 20 минут хожимдож, дан хар өнгийн хувцас өмсөж, хар шил зүүсэн байжээ.
Москвагаар чөлөөтэй явдаг, гэхдээ орос хэлний мэдлэг маань ресторанд хоол захиалах хэмжээнээс хэтэрдэггүй, голдуу англиар ярьдаг гэдгээ тэр хүлээн зөвшөөрсөн байна. “Би бүх зүйлээ англиар бичдэг. Уулзах хэрэг гардаг бүх хүнтэй би англиар ярьдаг” гэж Сноуден ярьжээ.
“Би Орост унтдаг, гэхдээ дэлхийд л аж төрж байгаа. Намайг цөөхөн зүйл Оростой холбодог. Энэ нь эвгүй сонсогдож байж болох юм. Яагаад гэвэл би эндээс явахыг байнга мөрөөдөж байгаа” гэж тэр тодруулан тайлбарласан байна.
Ихэвчлэн Умард Америкийн зүүн эргийн цагаар ажилладаг, цагийн ихээхэн хэсгийг интернэтэд өнгөрүүлдэг, ер нь “ийм л байсан” гэж Сноуден хэлжээ.
Москвагийн амьдрал улам л дээрдэж байгаа гэж тэр дурдсан байна. “Би 2013 оныхоосоо илүү нээлттэй байгаа” гэж тэр хэлжээ.
"Би хүмүүстэй цөөхөн уулздаг" гэж Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хуучин ажилтан бас дурдсан байна. Тэр өөрийн цагийг онлайнаар олны өмнө үг хэлэх (ингэж олсон шагналын мөнгөөрөө амьдардаг) болон сэтгүүлчдийн тоон аюулгүй байдлыг хангах программ боловсруулахад зориулдаг байна.
Үүнээс гадна,найруулагч Оливер Стоуны өөрийнх нь тухай хийсэн киног үзсэнээ дурдаад, гол дүрд тоглосон Жозеф Гордон-Левитт надад аятайхан сэтгэгдэл төрүүлсэн гэжээ.
Би Москвад жүжигчинтэй уулзаж байсан ч, ямар санаатайг нь тэр даруй ойлгоогүй гэж Сноуден хэлсэн байна. Хамт хоол идэх үеэр түүний төлөв байдлыг мэдэж авахын тулд түүнийг сайн ажиглаж байсан гэж сүүлд нь Левитт хэлсэн байдаг. Дэлгэцнээ түүний бүтээсэн дүрийн дуу хоолойноос бусад нь Сноуденд ерөнхийдөө таалагджээ. Тэрээр түүний хоолойг хэтэрхий намуухан, сөөнгө байсан гэж үзсэн байна.
Эдвард Сноудены тухай кино Орост есдүгээр сарын 15, Америкт нэг өдрийн өмнө дэлгэцнээ гарах юм.
АНУ, Их Британийн нууц албад Интернэтээр хүмүүсийг тагнаж байдгийг нотлосон нууц мэдээллийг Сноуден 2013 оны зургаадугаар сард “Вашингтон пост”, “Гардиан” сонины газарт өгчээ. Дараа нь тэр Хонконг руу нисч, сүүлд нь Москвад ирж, нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд хэсэг хугацаагаар байсан юм.
Орос улс Сноуденд нэг жил түр орогнох эрх олгож, харин 2014 оны наймдугаар сараас оршин суух үнэмлэхийг гарван жилийн хугацаатай олгожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ