“Таймс-сквер дэх үнсэлт” зургийн баатар эмэгтэй нас баржээ

Дэлхий дахинд нэрд гарсан “Таймс-сквер” дэх үнсэлт” гэдэг зургийн баатар эмэгтэй Грета Циммер Фридман АНУ-ын Виржини муж улсад 92 настайдаа нас баржээ. Сувилагч эмэгтэй болон усан цэргийн үнсэлцэж байгаа гэрэл зургийг Японыг ялсан өдөр – 1945 оны наймдугаар сарын 14-нд авсан байна.

Фридман нас барсныг түүний хүү Жошуа Фридман сэтгүүлчдэд ярьжээ. Грета Фридман уушигны өвчнөөр есдүгээр сарын 08-нд нас барсан юм хэмээн тэр мэдээлсэн байна.

Усан цэрэг Жорж Мендоса сувилагч Грета Фридманыг үнсэж байгаа зургийг гэрэл зурагчин Альфред Эйзентштадт авчээ. Энэ зураг ялалтын тухай гэрэл зургууд нийтлэгдсэн “Life” сэтгүүлийн бүрэн нүүрийг эзэлсэн байна. Энэ зургийг зохион байгуулалттай аваагүй бөгөөд Эйзентштадт жинхэнэ үнсэлцэж байгаа хоёр хүний зургийг авчээ. Энэ өдөр Таймс-сквер баяр хөөрөөр бялхаж, ерөнхийлөгч Трумэн Японыг ялсан тухай зарлажээ. Бараг бүх эмэгтэйг толгой дараалан шахуу үнсэж байсан усан цэргийн араас даган явж байснаа гэрэл зурагчин сүүлд нь ярьсан байдаг. Сувилагч бүсгүйг усан цэрэг үнсэж байхад нь Эйзентштадт тэр зургийг дарсан бөгөөд хар, цагаан өнгөний хослол түүнийг анхаарлыг татжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ