Н.Энхбаярыг ямар зүйл ангиар яллагдагчаар татсан бэ?

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэг юм.
АТГ-аас Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан.
Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа юм. Эдгээр хуулийн заалтуудыг тодруулбал:
133 дугаар зүйл: Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
148 дугаар зүйл: Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах
148.4. Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсэн бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэлх хугацаагаар хорино.
268 дугаар зүйл: Хээл хахууль авах
268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, 5-10 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Энэхүү хэргийг нийслэлийн прокурор хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тэгэхээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болох уу, МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхийн танхимд очих уу гэдгийг харах л үлдлээ.
Дашрамд дуулгахад, МАХН-ын Нарийн бичгийн дарга байсан Г.Шийлэгдамбын хэргийг Н.Энхбаярын хэрэгтэй нэгтгэсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж эхлээд байна.
АТГ энэ сарын 05-09-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 22 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ