С.Нэйшийг хөнөөсөн гэх сэжигтнийг тогтоожээ

Их Британийн парапланы нисэгч 53 настай Стивен Эдвард Нэйш /наймдугаар сарын 31-ний өдөр/ дээрэмдүүлсэн байдалтай, бусдын гарт амиа алдсан байдалтай цогцос нь олдсон тухай мэдээллийг хүргэсэн. Тэрээр Архангай аймгийн Хангай сумын Хангай ноёны оргилд гарах гэж яваад ийнхүү амиа алдсан юм.

Энэ хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж, хоёр хүнийг сэжигтнээр цагдан хорьж шалгаж байгаа гэсэн юм. Тэгвэл цагдаагийн алба хаагчид С.Нэйшийг хөнөөсөн этгээдийг өчигдөр баривчилжээ. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Сэжигтнээр саатуулагдан шалгагдаж буй Архангай аймгийн харьяат 1981 онд төрсөн 34 настай эрэгтэй “Г” нь 2014 онд эрүүгийн хуулийн гэмт хэрэгт шалгагдаж байсан бол 2016 онд мөн эрүүгийн хуулийн 145, 147.1 гэсэн гэмт хэрэг үйлдэн нэг жилийн тэнэсэн авсан байжээ.

Тэрээр тэнэсэнтэй байх хугацаандаа уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна. Сэжигтэн хохирогчийн биеэс алдагдсан бичиг баримт болон онгоцны тийз зэрэг нотлох баримтыг нуусан байсныг илрүүлж хураасан бөгөөд эд мөрийн баримтыг устгах оролдлого хийсэн байжээ. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ