Давтан согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нар хариуцлагаас чөлөөлөгдсөн байв

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Замын Цагдаагийн тасгийн эрх бүхий ажилтнуудаас явуулж буй захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн удирдамжийн дагуу 2016 оны эхний 2 сарын байдлаар, дүүргийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 2 дугаар улирлын байдлаар тус тус шалгажээ.

Мөн Замын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудтай хэрэг бүртгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрхэн явуулах талаар 2 удаа сургалт зохион байгуулж, захиргааны зөрчлийн материалыг хэрхэн бүрдүүлж, материалжуулах талаар орлогч прокурор С.Батсүрэн загвар гарган хүргүүлжээ.
Дээрх ажиллагааны үр дүнд тус тасгийн захиргааны хэрэг бүртгэх ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч, Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг зөрчдөг байсан зөрчлүүдийг таслан зогсоож чадсан байна.
Зөрчлийг хянан шалгах ажиллагаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 14 хоногийн хугацаанд хийгдэж, зөрчлийн тэмдэглэлийг хуульд заасны дагуу үйлдэн, захиргааны шийтгэлийг хуульд заасан хэмжээгээр оногдуулж, торгуулийг тухай бүрт нь төлүүлж хэвшсэн болох нь сүүлийн шалгалт хийх явцад ажиглагджээ.
Түүнчлэн илт үндэслэлгүй захиргааны шийтгэл оногдуулсан болон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд захиргааны шийтгэл оногдуулсан тохиолдол гараагүй байна.
Мөн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчил гаргагчийн эрх болох зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, нотлох баримттай танилцах, зөрчил гаргагчаас тайлбар авах, хууль зүйн туслалцаа авах,шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах гэсэн эрхүүдийг бичсэн тусгай бланкаар танилцуулж, гарын үсэг зуруулж хэвшжээ.
Захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээг зөв оногдуулсан эсэхийг хянахад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон иргэнд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахдаа хуульд заасан торгуулийн хэмжээг зөв оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцсэний дагуу материалжуулж байгаа боловч дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн заалт нь Шүүхийн зүгээс баривчлах шийтгэлийг оногдуулах талаар хуульд заагаагүй гэсэн үндэслэлээр дээрх зөрчлүүдэд арга хэмжээ авахгүй материалыг буцаан ирүүлдэгээс болж хэрэгжихгүй байна.
Тухайлбал: Шалгалтаар хянагдсан 910 материалын 45 буюу 4.9 хувь нь давтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ямар нэгэн арга хэмжээ авагдахгүй, хариуцлагаас чөлөөлөгдсөн байна.
Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг шалгасан шалгалтын дүнг Дүүргийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцээд тус тасгийнэрх бүхий ажилтнуудаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасны дагуу хэвийн хэмжээнд явагдаж байна гэж дүгнэсэн бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн заалт биелэгдэхгүй байгаа асуудлаар Замын Цагдаагийн газарт албан бичиг хүргүүлж, Улсын Ерөнхий прокурорын газарт санал хүргүүлжээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ