Анчин бүргэд ашиглан хууль бус нислэг үйлдсэн дронуудыг "агнана"

Орчин үед дрон нь хамгийн өргөн ашиглагдаг техник хэрэгслүүдийн нэг болж байна. Хяналтын камер бүхий ажиглалтын дрон кино, телевизийн салбарын салшгүй нэг хэсэг болсон бол өндөр хүчин чадалтай дронуудыг хүргэлтийн үйлчилгээнд ашиглаад багагүй хугацаа өнгөрчээ.

Гэхдээ дронд сайныг дагаад саар талууд ч олон байгааг олон улсын туршлага харуулсан. Саяхан Мексик улсад дрон ашиглан хар тамхи тээвэрлэдэг бүхэл бүтэн бүлэг илэрсэн бол хүмүүсийн хувийн амьдралыг ажиглалтын дроны тусламжтай тагнасан хэрэг дэлхий дахинд хэд хэдэн удаа гараад байна. Мөн Германы олон улсын нисэх буудал дээр газардаж явсан иргэний тээврийн онгоцтой дрон мөргөлдсөний улмаас осол гарах дөхсөн байдаг. Тиймээс дроныг хэрхэн ашиглах тал дээр улс орон бүр өөрийн гэсэн хууль тогтоомжийг гаргаж эхлээд байгаа. Нидерланд улсын хувьд зөвхөн зөвшөөрөгдсөн газруудад дрон ашиглах хуулийн төсөл батлагдахад ойрхон байна. Харин хориглосон бүсэд хэрхэн дрон нисгэхгүй байх вэ гэдэг дээр хэд хэдэн сонирхолтой шийдэл гаргажээ. Тэдний нэг нь анчин бүргэд ашиглан хууль бус нислэг үйлдсэн дронуудыг агнах явдал юм. Бүргэд өөрөө гөрөөс, буга барих чадвартай хүчирхэг жигүүртэн учраас ямар ч хэмжээний дроныг барих боломжтой гэдэг нь туршилтаар харагджээ.

Гэхдээ одоохондоо энэ төсөл туршилтын шатанд явж байгаа учраас амьдралд хэрэгжүүлж эхлэх шийдвэр хараахан гараагүй байна. Олон улсын амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн Недерландын энэ шийдвэрт тун дурамжхан хандаж байгаа юм. Тэдний бодлоор бүргэд дроныг барих үедээ сэнсэнд цохигдож гэмтэх магадлалтай учраас тун аюултай туршилт хийгдэж байгаа гэнэ. Бид ч гэсэн өөрсдийн аюулгүй байдлаа хангах үүднээс нийтийн хэрэглээний дрон ашиглах өөрийн гэсэн хууль тогтоомжийг гаргах шаардлага ойрын үед тулгарч болзошгүй. Тиймээс гадны туршлагыг судлаж, бэлтгэлтэй байх хэрэгтэйг олон улсын туршлага харуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ