Зоригийн хэрэгт Ц.Элбэгдорж ямар хамаатай юм бэ

Сонгуульд унасан буруутны нэг бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгч гэж оношилж байгаагаараа бол АН-ынхан Н.Алтанхуяг эксийн өөрийнх нь онцлон хэлсэн МАНАН-гаас үнэндээ гарч чадахгүй бололтой.

Багахан дурсамж сөхөхөд АН–ынхан бүлэг фракцийн махчин тэмцэлдээ улайрч, төрд туйлж байх дуулианд С.Зоригийн хэргийн үзүүр баригдаж эхэлсэн талаар мэдээлэл олон нийтэд хүрч байсан. Унтаа мэт хэлбэр үзүүлж, нууц байдалд шилжиж 15 жилийн турш үргэлжилсэн С.Зоригийн хэргийн гогцоо гарч тодорхой сэжигтнүүдийг барьсан тухай мэдээлэл нэр устайгаа хэвлэлээр тавигдаж байлаа. Энэ хэрэг нэлээн бодитой зураглалтай болж эхэлснийг анх олон нийтэд хэлсэн хүн бол Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг гишүүн байлаа. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа бурхан болсон аавыг нь учир битүүлэг аллагад холбох гэж буй хардлага байгаагаа хуваалцаж пост бичсэн. Үүгээр С.Зоригийн хэрэг анхаарлын төвд дахин орж, цагдаа тагнуулынхан ганц сэжигтэн Б.Булганыг удаан хугацаагаар цагдан хорьж мөрдлөгийг сэргээсэн талаар олон нийт мэдэх болсон.

Үүний дараахан "Маш нууц" гэх шар сонинтой Үүл дарга зарга үүсгэж цагдаад өглөө. Гомдлын гол агуулга бол С.Зоригийн аллагад намайг гүтгэлээ гэсэн. Ганц дайчин ганцаардахгүй гэдгээр сонины эзэн н.Галсансүх гэж зөрүүд нөхөр үнэн юм чинь гэж гөжүүдэлсэн. Арай ч н.Галсансүхийн ард бас л Эби байна гэчихэлгүй өнгөрч энэ дуулиан сонгуулийн шаардлагаар намжсан байх.

Эрх барьсан 4 жилдээ байнга л Ерөнхийлөгчөө мэрэх болсон АН-ын нөлөө бүхий улс төрчид улам бүр улайран цэнхэр үст Цэрэнгээр өрнүүлсэн Мүүний дуулианы ард Ерөнхийлөгчийг тавьчих гэж ч үзсэн. Намынх нь нөхөд холбогдсон аливаа авилгын хэрэг цагдаа шүүхээр шалгуулах бүрт ч ард нь Ерөнхийлөгч байгаа гэж мэдэгдэх. Энэ нь сүүлдээ АН-ын нэр бүхий улс төрчдийн бараг ёслолын үг болчихоод байлаа.

Хаврын уртад хуй салхинд орсон мэт бужигнасан АН-ын дотоод зодоон дийлдэхгүй байсаар намаа биш амиа бодон сонгуульдах замыг сонгосны горд шүлсгүй ялагдаж төрөөс хошуу унжуулан буусан. Хэдэн сар буруу харалцсаны эцэст сэхээ оронгуутаа гомдол ихтэй явдаг экс дарга нь ялагдлын дараах анхны том ярилцлагаа өгөхдөө сонгуульд ялагдсан буруутнаар мөн л Ерөнхийлөгчийг нэрлэв. Олонх байхдаа эрх баригчдад чиглэсэн хяналтын, хариуцлагын тухай төрийг цэгцэлж болох хуулиудыг нь улаан цайм унагааж, хэлэлцэх асуудалд оруулахгүй Ерөнхийлөгчөө “ хорлочихдог” болсон АН–ынхан маш овилгогүй гэдэг дүгнэлтийг л ард түмнээс авсан.

Цагдаа тагнуул харин сонгуулиас хол байж ажлаа хийсээр байсан бололтой. Бололтой гэх нь Б.Булган болоод бусад гэрч, сэжигтнүүдийг нэлээд хорьж шалгасны эцэст хэрэгт ямар нэг байдлаар холбоотой гэж үзсэн бололтой. Э.Бат-Үүл даргыг шалгах төдийгүй яллагдагчаар татсан тухай өөрийн биеэр хийсэн хэвлэлийн хурлаас олон нийт мэдэв. Үүний эсрэг хөдөлж АН-ын зүгээс Үүл баатраа аврахаар боловсруулсан төлөвлөгөөний тод өгүүлбэрт дахиад л Ерөнхийлөгчөө тавиад авчээ.

Шударга ёс ялж, алуурчид үнэхээр эрх чөлөөтэй явсан бол үнэнд гүйцэгдэж С.Зоригийн хэрэг илрээсэй гэх бол ард түмний дуу нэгтэй хүсэл. Үүл баатар буруугүй гэдэгт олон нийт итгэж байгаа. Би ч хувьдаа Үүл даргыгаа өмөөрч л сууна. Түүний онц ноцтой хэрэгт сэжигтэн болсон нь ийн олны анхааралд нэгэнт орсон тул худал баримтаар гүтгэх, хэлмэгдүүлэх асуудал гаргахгүй байх ард түмний хяналтанд хэргийг шалгаж буй цагдаа тагнуулынхан орлоо.

Бид олноороо 2013 онд Ерөнхийлөгчийн сонгууль өгсөн. Шүүх цагдаа, прокурор цаашлаад цагдаа тагнуулын даргыг сонгох санал өгөөгүйг АН-ын нэр бүхий улс төрчид нэг санууштай. Улс төржихөд хязгаар бий.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ