Гадаад паспортын яаралтай захиалгыг түр зогсоожээ

Иргэд гадаад паспортоо яаралтай /3 хоног/, энгийн / 10 хоног/ гэсэн хоёр ангиллаар захиалдаг. Тэгвэл яаралтай захиалгыг ирэх сарыг хүртэл түр зогсоожээ. Тодруулбал, иргэд паспорт захиалахдаа дугаарлалын дагуу үйлчлүүлдэг бөгөөд яаралтай захиалга өгөх хүмүүст 10 дугаар сар хүртэлх дугаарыг олгож дууссан байна. Гэхдээ зайлшгүй шаардлагатай, тулгамдсан асуудалтай, тухайлбал яаралтай эмчилгээ, хурал зөвлөгөөн, сургуульд явах зэрэг асуудалтай иргэд хүсэлт гаргаад паспорт захиалж болох юм байна.Харин ирэх сараас захиалга хэвийн үргэлжилнэ гэлээ.

Иргэдийн дунд гадаад паспортын бэлдэцгүй болсон тухай олон янзын яриа тараад байгаа юм. Тэгвэл уг асуудал гадаадад зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь жилд 120 мянган паспортын захиалгатай байдаг байсан бол энэ жилийн хувьд долдугаар сар гэхэд 122 мянган паспортын захиалга иржээ. Тиймээс паспортын бэлдэц авах санхүүжилтийг төсөвт нэмэлтээр тодотгол хийлгүүлж шийдэхээр болсон аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ