Нийслэлд томилгоо ид өрнөж байна

Нийслэлийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагууд хөдөлгөөн ихтэй байна. Хотын даргын албан тушаалаа аваад хоёр сар гаруйн нүүр үзэж буй С.Батболд нутгийн захиргааны байгууллагууддаа бүтцийн өөрчлөлт хийж, дарга нарыг нь томилж эхэлжээ.

Өнгөрсөн дөрвөн жил нийслэлийн Өмчийн харилцааны газар нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан байгууллагын бүтцийг Өмчийн харилцааны газар, Газрын алба болгон салгаж, дарга нарыг нь томилсон байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Ч.Однасан, нийслэлийн Газрын албаны даргаар Э.Болорчулуун нар сонгогджээ. Э.Болорчулуун нь өмнө нь МХЕГ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байсан юм.

Тэгвэл “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, бүтцийг тусад нь Улаанбаатар зам засвар, арчлалт компани, Нийтлэг үйлчилгээний газар болгон гурав хуваан, шинэчилсэн гэлээ. Одоогоор дээрх байгууллагуудын дарга нар албан ёсоор томилогдоогүй байна.

Мөн нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Байгаль орчны газрыг дангаар нь байгуулсан байна. Тус газрын даргаар Г.Болормаа үргэлжлүүлэн ажиллаж буй. Харин Гэр хорооллын хөгжлийн газрыг татан буулгаж, Гэр хорооллын дэд бүтцийн газрыг шинээр бий болгожээ. Гэхдээ хуучин дарга Ш.Ганхуягийг нь ажлаас нь чөлөөлсөн.

Шинэ бүтэц, зохион байгуулалт хийсэн газар, агентлагийн дарга нарыг эхнээс нь Авилгатай тэмцэх газар /АТГ/-аар ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулж, сонгон шалгаруулж буйг эх сурвалж мэдээллээ. Гэвч нийслэлийн ЗДТГ-аас танилцуулсан шинэ дарга нарын ихэнх МАН-аар овоглодог аж.

  • Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар М.Дэлгэрэх
  • Нийслэлийн Боловсролын газрын даргаар Ж.Гантулга
  • Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар М.Ганбаатар
  • Ус сувгийн удирдах газрын даргаар Ц.Төрхүү
  • Монголын хүүхдийн ордны даргаар Б.Цэнгэлмээ
  • Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Н.Батсүмбэрэл нар тус тус томилогджээ.

Удахгүй нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Мэдээлэл технологийн газруудыг удирдах дарга нарт нэр дэвшигчдийг АТГ шалгаж дуусах аж. Гэхдээ дээрх газруудад ямар хүмүүс нэр дэвшсэн бэ гэдэг нууц байна. Даргын албан тушаалд нэр дэвшсэн нууц ноёнтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлыг нь АТГ-аас шалгаж дууссаны дараа хотын мэр томилгоог хийх нь ээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрыг хуучин бүтцээр нь ажиллуулж, даргаар нь Б.Батцэнгэлийг хэвээр үлдэх эсэхээ нийслэлийн удирдлага шийдээгүй тухай эх сурвалж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ