Бөхчүүд яагаад ийм байдаг юм бэ?


Монголчууд бид бөхөө дээдэлдэг ард түмэн. Монгол хүн бүр наадмын түрүү бөхөөс адис авч түмний аварга хэмээн сүсэглэн дээдэлдэг. Уран хурц барилдаан, уужуу тайван зантай бөхчүүдийг үеийн үед дээдлэн хүндэлсээр ирсэн билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд бөхчүүдээс шударга бус барилдах, хуваагдаж талцах, өнгө мөнгөнд шунах гээд өөдгүй зан чанар гарах болжээ.Бөхийн өргөөгөө булаацалдан тэргүүний суудлын төлөө чи, би хэмээн алалцах болов.
Тухайлбал, 2017 оны ээлжит бус “Их Эе” хурал 40 гишүүнтэй болж, Л.Чинбатыг сонгосон нь Бөхийн холбооны дүрмийг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс 2018 оны гуравдугаар сарын 24-ний өдөр 151 гишүүнтэй “Их Эе” хуралдаж, тэргүүнээр дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэийг сонгосон билээ. Гэтэл зарим нэр бүхий бөхчүүдийн дурдсанаар Л.Чинбат тэргүүн ойр ойрхон бөхчүүдтэй уулзаж, мэдэгдэл хийж, улмаар Бөхийн өргөөг хүчээр эзлэх гэсэн үймээнийг дэгдээсэн гэх. Энэ үйлдэл өнгөрөгч амралтын өдөр хурцдаж, өчигдөр цагдаагийн хамгаалалт авахад хүрсэн аж.
Дархан аварга А.Сүхбат үймээний талаар хэлэхдээ “Бөхийн холбооны асуудал өнөөдөр болж байгаа маргаан биш. Энэ бол 16-17 жилийн өмнө болсон асуудал юм. Шүүх, хуулийн байгууллагаар шалгуулсан, мэтгэлзсэн асуудал байна. Энэ дотор авлига зэрэг олон зүйл нуугдаж байна. Үүний төлөө бид яваад байна. Монгол Бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбоо ард түмний өмч гэж бид үзэж байгаа. Яагаад буруу шүүлттэй байгаа юм. Яагаад допингийн асуудлыг шийдэж болдоггүй юм бэ?” гэв.
Угтаа энэ бүх завхарсан байдлыг засч залруулан барилдааныг үнэн бодитой, эмх цэгцтэй зохион байгуулах нь бөхийн холбооны үүрэг. Гэвч тэд ингэж чадаагүй. Бөхчүүдийн барилдааны үеэрх болон барилдаанаас бусад нөхцөлд гаргадаг ёс бус үйлдэлд эхнээсээ зөв хандаж дүрэм журамтай байсан бол үндэсний бөхийн спортын нэр хүнд өнөөдрийнх шиг ингэж "шалан дээр унахгүй" байсан.
Өнгөрөгч долоо хоногт бөхөд хайртай монголчууд түмний сэтгэл өмөрч Монгол бөхийн зүүний магнай, их бөх Жигжидийн Мөнхбат аваргыг эцсийн замд нь үдсэн. Монгол хүн бурхан болоочийг билэггүй үг, үйлдлээр үддэггүй ёсон бий. Тэр тусмаа жудаг ёсыг дээдэлдэг бөхчүүдийг энэ үйлдлээ зогсоохыг ард түмэн хүссэн. Гэтэл тэд том толгойлж, уламжлалаа үгүйсгэж ийн жудаггүй хандлаа.
Угтаа холбооныхоо үндсэн чиг зарчмаас хазайж, хэтийн үйл ажиллагааг эрх мэдэл, өнгө мөнгөний нүдээр харах болсон тэд тамга тэмдгээ булаацалдсаар өдийг хүрчээ.
Түүгээр ч үл барам, бөхөө дээдэлдэг түмэн олны хандив тусламжаар анхлан суурийг нь тавьсан Монгол бөхийн өргөөг хувьчилж авах гэсэн өчүүхэн шуналаа барьж дийлэхгүй яваа тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй.
Хоолны сайныг идэж, хувцасны сайныг өмсчихөөд нийгэмдээ туслах ажилд ч оролцдоггүй бөхчүүдийг ард түмэн бид л давраасан бололтой. Бид аливаа баяр наадмын түрүү бөхөд байр, машин гээд үнэтэй, хүндтэй зүйлсийг өгсөөр өдий хүрсэн. Гэтэл ингэж хүндэлж хайрладаг бөхчүүд маань өргөөнийхөө үүдэн хойморийг эвдээд, амин хувийн ашиг хонжооны төлөө арсалдаж байгаад ард түмний "ой гутаж" байна. Бөхчүүд яагаад ийм байдаг юм бэ, яагаад ийм болчихсон юм бэ?
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ