“Сансрын гэр бүл"-ийн тухай үнэн түүх

1960-аад оноос сансрын нисэгчид ЗХУ-ын бахархал, нэрийн хуудас болж байсан билээ. Иргэд нь ч зөвлөлүүдийн орны үлгэр жишээч гэр бүл байх ёстой байсан хэрэг.

Үнэндээ бол бүх зүйл амаргүй байсан нь мэдээж. Сансартай холбоотой амьдрал нь эхнэр, нөхөр хоёрыг холбосон тухай бид эргэн дурсахаар шийдсэн юм.

Сансрыг байлдан дагуулагч анхны гэр бүл

Энэ бол Зөвлөлт Холбоот Улсын анхны, хамгийн нэр цуутай “сансрын гэр бүл” юм.

Сансрын нисэгчдийн анхны отрядад багтаж байсан Николаев 1962 оны наймдугаар сард “Восток-3” хөлгөөр сансарт анх удаа нисчээ. Сансрын анхны эмэгтэй болсон Терешкова 1963 оны зургадугаар сард “Восток-6” хөлгөөр сансарт ниссэн юм.

Тэдний романтик түүх элдэв домог мэт зүйлээр дүүрэн байсан бөгөөд тэднийг Никита Хрущев гэрлүүлсэн, туршилтын зорилгоор эмч нарын шаардлагаар гэр бүл болсон хэмээн ярьцгаадаг байжээ.

Хрущев сансрын нисэгчдийн хуримыг төрийн хэмжээнд зохион байгуулсан ч, гэрлэлт нь үнэхээр тэдний хувийн сонголт байсан гэдэг.

Тэдний охин Еленаг эмч нар анхааралтай ажиглаж байсан бөгөөд учир нь эцэг, эх нь сансарт ниссэн айлын анхны хүүхэд байсан юм. Гэхдээ хэн ч шинжлэх ухааны зорилгоор жирэмслэлтийг төлөвлөгөөгүй, ингэж төлөвлөсөн гэх яриа нь ердөө цуу яриа юм.

“Ажил дээрээ алт – гэртээ бол дураар авирлагч” хэмээн Терешкова нөхрийнхөө тухай хэлдэг байжээ. Гэвч Николаев, Терешкова нарын аль аль нь сансрын нисэгчдийн отрядад ажилласаар байсан бөгөөд гэр бүл салалтаар намтар түүхээ харлуулалгүйгээр хэл амаа олох арга чарга эрж хайхыг тэдэнд чухалчилан зөвлөж байсангэдэг.

Николаев сансарт дахин нисч, 1970 онд Виталий Севастьяновын хамт “Союз-9” хөлгөөр 18 хоногийн нислэг хийсэн юм. Түүний гэргий олон нийтийн ажил хийж байсан ч түүнийг сансарт дахин нисгэх тухай асуудал нэг бус удаа хөндөгдөж байжээ.

Андриян Григорьевич, Валентина Владимировна нар охиныгоо 18 нас хүрсэн үед буюу 1982 онд салсан юм. Тэр үе гэхэд “сансрын гэр бүлийн” эргэн тойрны сайн сайхан яриа нэгэнт намдаад байжээ.

Андриян Николаев 1992 оныг хүртэл Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн нэгдүгээр орлогч даргын албыг хашиж байгаад насны эрхээр чөлөөнд гарсан байна. Николаев сүүлийн арван жил “нисээгүй” учир, 1982 онд түүнийг сансрын нисэгчдийн отрядаас гаргажээ.Харин Терешкова 1997 оныг хүртэл отрядад ажиллаж байсан юм.

Валентина Терешковатай гэрлэсэн нь Андриян Николаевын хувьд цорын ганц гэрлэлт байжээ. Харин түүний хуучин гэргий сансрын нисэгчдийг шилж сонгох комисст орж байсан эмнэлгийн албаны хошууч генерал Юлий Шапошниковтай дахин гэр бүл болсон байна. Андриян Николаев Бүх Оросын хөдөөгийн зуны спортынV наадмын ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа 2004 оны долоодугаар сарын 3-нд Чебоксар хотод нас барсан юм.

Чувашийн ерөнхийлөгч Николай Федоров сансрын нисэгчийг Чебоксар хотоос 30 километрт орших төрсөн Шоршелы тосгонд нь нутаглуулахаар зарлажээ. Харин Андриян Николаевын хамгийн ойр дотнын хүмүүс болох Валентина Терешкова болон охин Елена нар түүнийг Оддын хотхонд нутаглуулахыг хүсч байжээ. Гэсэн ч ЗСБНХУ-ын гурав дахь сансрын нисэгчийн шарил Чувашид үлдсэн юм.

Валентина Терешкова олон нийтийн үйл ажиллагаа идэвхитэй явуулсаар байгаа билээ. 2016 онд тэрээр Улсын думимйн депутатаар улиран сонгогдсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ