Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан аппликейшн бүтээжээ


Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах тусгай зориулалтын аппликейшныг бүтээжээ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хийж бүтээх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, найзалж нөхөрлөх, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөх, эмнэлэг, сургууль, дэлгүүр, банк зэрэг үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх зэрэг үйлчилгээний хүртээмж дутмаг байсаар байна.
Иймд Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчид нэгдэн нийлж олон арван ТББ байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулжээ. Үүний нэг тод жишээ нь “Аутизм Монгол–Анд”, “Монголын аутизмын холбоо” ТББ-иуд аутизмын эмгэгтэй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн харилцаанд оролцоход гол гүүр болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах аппликейшн бүтээх санаачилгыг гаргасан байна.
Ийнхүү “Шувуу 1.0” харилцаанд туслах тусгай зориулалтын аппликейшныг Монголд анх удаа гаргасан аж. Энэ нь нийт 230 гаруй үгсийн сантай, Android/IOS системтэй бүх төхөөрөмж дээр ашиглагдах бөгөөд татаж авсны дараа интернетгүй орчинд ажиллах боломжтой, үйлдлийн систем нь ашиглахад маш хялбараас гадна хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлж үгсийн сан, зураглалыг баяжуулах боломжтой. Мөн тухайн үг, өгүүлбэрийг аудио хэлбэрээр сонсох боломжтой аж.
Дашрамд дуулгахад, 2018 оны байдлаар харааны, сонсголын, хэл ярианы, хөдөлгөөний, сэтгэцийн, хавсарсан бэрхшээлтэй, мөн эрүүл мэндийн улмаас бэрхшээлтэй болсон, дауны хам шинж, аутизмын хүрээний эмгэг, генетикийн гаралтай зэрэг бэрхшээлүүдийг хамруулан Монгол улсад 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ