Соёлын өвийг "сохроор" хамгаалдаг Монголчууд


Соёлын өв, түүх дурсгалын эд зүйлсээ дандаа л гадагш тавиад “туучихдаг” монголчууд анх удаа 70 сая жилийн настай Тарбозавр Батаар хэмээх үлэг гурвэлийн олдвороо таван жилийн өмнө өөрийн талд авч байсан. Өмнөговийн Нэмэгтийн хөндийн “уугуул” гэдэг нь эрдэмтэн судлаачдын шинжилгээгээр тогтоогдсон Тираннозавр Батаар буюу жинхэнэ монгол үлэг гүрвэл болох нь батлагдсан билээ. Үүнтэй холбоотойгоор соёлын өв тэр дундаа музейн үзвэр буюу биет өвтэй холбоотой зүйлсийг энд онцоллоо.
Монголчууд соёлын өвөө мэддэггүй, хайрладаггүй, хамгаалдаггүйгээсээ болоод олон тооны үнэт өвийг гадныханд алдаж буй.
Сүүлд 2015 оны гуравдугаар сард гэхэд Парис хотноо Сотэби компанийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар Монголоос гаралтай гэх хүрэл цутгамал бурханг 200 мянган еврогоос эхлэн үнэ хаялцуулсаар 3.467.500 евро буюу одоогийн ханшаар арав шахам тэрбум төгрөгөөр Тайванийн нэг иргэн худалдаж авсан нь дэлхий дахинаа шуугиан тарьсан. Дөрвөн цаг үнэ хаялцуулсны эцэст зарагдсан тэрхүү гайхалтай бүтээл Монголынхоор барахгүй хүн төрөлхтөнд Азийн Миклеанжело хэмээгдсэн суут Занабазарын “Ногоон дарь эх” байсныг нь мань мэт монголчууд хожим мэдээд дэмий баахан харамссан.
Сотэби компанийн зүгээс “Бид энэ бурханг зарсан нь хууль зөрчсөн аливаа үйлдэлгүй. Хувь хүнээс худалдаж аваад дуудлага худалдаанд гаргасан” гэсэн тайлбар өгсөн байдаг. Манай нэг хулгайч туугаад л гадагш гаргачихсан хэрэг. Ингэж хардах үндэс бий. Эл “Ногоон дарь эх”- ээс гадна Сотэби компанийн дуудлага худалдааны каталогт Занабазарын хийц дэгээр бүтээсэн зургаан бурханг 2005 оноос хойш зарсан гэж бүртгэсэн байсныг манай холбогдох хүмүүс харсан агаад Монголоос хувь хүнээс авсан хэмээн гарал үүслийн товьёогт нь бичсэн байжээ.
Манайд ч соёлын өвийн хууль бус худалдаатай жинхэнээсээ тэмцэж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон төрөөс баримтлах бодлогыг бодитоор хэрэгжүүлсэн Засгийн газар гарч ирсэнгүй. Зүгээр л тэмцсэн дүр эсгэдэг. Харин сүүлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Соёлын өвийг хамгаалах асуудлаар дугарч, Засгийн газарт асуулга тавьсан. Тэрбээр “Монголын Засгийн газар хадгалж,соёлын өвөө хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр эрч хүчтэй ажиллах ёстой.
Түүнчлэн хулгайд алдагдсан соёлын өвүүдээ эгүүлэн авчрах тал дээр Засгийн газар санаачилгатай ажиллах шаардлагатай байна.Соёлын өвийн эсрэг цөөнгүй гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна. Малын хулгай, модны хулгайд хөөн хэлэцэх хугацаа байж болно. Харин мянга мянган жилээр үндэстний соёл, түүхийн гэрч болон хадгалагдах ёстой соёлын өв, түүх дурсгалын эсрэг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох учиргүй” гэв.
Угтаа улсын хэмжээнд ямар гээчийн үнэт өв эрдэнэс хэдий хэмжээтэй, тоо ширхэгтэй хаана хаана хадгалагдаж байгааг монгол хүн бүр үүх түүхтэй нь мэддэг байх ёстой. Малчин хотон дахь хониныхоо тоог мэдэхгүй байж хэд нь алга болж, хэд нь үхэж үрэгдсэнийг яс тооцож чадах уу? Түүн лүгээ ямар үнэт өвтэйгээ бид мэдэхгүй, танихгүй болохоор хэн дуртай нь зөөгөөд барах нь байна шүү дээ.
Түүнчлэн гадны судлаачид Богд хааны ордон музейн үзмэрийг найман тэрбум еврогийн үнэтэй хэмээн анх удаа үнэлсэн байдаг. Бид л мэддэггүй болохоос дэлхий дээр ийм их үнэт үзмэртэй музей тун цөөхөн. Төр засгаас илүүтэйгээр монгол хүний оюун ухаан, гарын ур дүйгээр бүтээгдсэн үнэт өвийн үнэ цэнийг ойлгуулж, хамгаас онцгойгоор хадгалан хамгаалах цаг хэдийнэ болсон байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ