Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд хотын дарга “Улаанбаатар хотод энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхнээсээ хийгдээд явж байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан та бүхэнтэй өнөөдөр уулзаж, санал сэтгэгдлийг сонсч байгаа юм. Өнөөдрийн уулзалтад НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар оролцож байна. Тиймээс ямар ч сэдвээр асуудал байвал асууж, судалж болно. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 80 хувьд гэр хорооллынхон оршин суудаг. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэх, амьдрах орчныг сайжруулах асуудал үе үеийн хотын дарга нарын өмнө тулгардаг. Гэр хороолол сүүлийн 25 жилд хязгааргүй тэлсэн. Тэлэхийн хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд өчнөөн асуудал тулгарч эхэлсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь 202 мянган өрх амьдарч буй гэр хороолол. Энэ асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний гаргалгаа нь иргэдийг орон сууцжуулах хэдий ч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм.
Тиймээс нийслэлээс эхний ээлжид 40 мянган иргэнийг цахилгаан халаагуураар, үлдсэн өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж юм байгаа юм. Эдгээр ажлын хамгийн сайн шийдэл нь “Дэд бүтцийн төв. Бид 2018 онд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хийх ажлын эхлэл бол Чингэлтэй дүүргийн 7 дугаархороонд байгуулах“Дэд бүтцийн төв” юм. Энэ мэт төвүүдийг хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулааны сүлжээ очих боломжгүй газруудад байгуулах бодлого баримталж байгаа. Тиймээс хамгийн анхны дэд бүтцийн төвийг байгуулж буй Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэд бусад гэр хорооллын иргэддээ үлгэр жишээч байж, төр, хувийн хэвшилтэйгээ нягт хамран ажиллах нь чухал. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина” хэмээн онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ