"Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцжээ.

Тэд бүлгийн гишүүдийн сахилга хариуцлага, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар асуудал дээр анхаарах зэрэг асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө бүлэг дээр саналаа нэгтгэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй гэсэн саналуудыг яриад байгаа шүү дээ?

-Энэ асуудал дээр бүлгийн гишүүд олон талын санал, байр суурьтай байж болно. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой. Түүн дотор парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу, парламентаас сонгох уу, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах ёстой гэх мэт олон санал гарч байгаа. Мэдээж өнөөдөр эцсийн тохиролцоо хийгдээгүй зөвхөн ажлын хэсгийн түвшинд яригдсан. Яг төсөл яригдах үед МАН-ын бүлэг энэ олон асуудал дээр нэг байр суурьт саналаа нэгтгэнэ.

-Ардчилсан намын зүгээс Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндөж тавьлаа. Энэ асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг сонсоогүй. Ардчилсан нам ямар үндэслэлээр ийм асуудал тавьж байгааг мэдэхгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ