PC тоглоомын газруудыг хаах шийдвэр биелэлээ олох уу?

Улсын хэмжээнд одоогоор 400 гаруй PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаа гэх бүртгэл байдаг. Ерөнхий боловсролын болон их сургууль бүрийн хажууд компьютер тоглоомын газрууд бий. Энэ асуудлыг шийдэх үүднээс Хотын дарга өчигдөр PC тоглоомын газруудыг хаах асуудлыг онцолж, холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Угтаа одоогоос арав гаруй жилийн өмнө тухайн үеийн хууль зүйн сайд РС тоглоомын газруудыг хаах шийдвэр гаргаж бөөн шуугиан болж байв. Гэвч хаагдах нь бүү хэл тоо нь улам нэмэгдэн өнөөдөр хүүхдүүд бохир бузар хараал хэлэн тоглосоор л байна. Хот хөдөөгүй хажуудаа ийм тоглоомын газаргүй нэг ч сургууль алга.

Уг нь захиргааны хуулиар компьютер тоглоомын газрууд насанд хүрээгүй хүүхдэд 19 цаг хүртэл үйлчлэх ёстой гэх боловч тэдний олонхи нь тоглоомд донтогсдын хонон өнжин орогнох газар болсон.Сургуулийн сурагчдаар зогсохгүй, оюутнууд, эрхэлсэн ажилгүй залуус эрүүл мэндээ сүйрүүлж донтож сэтгэцийн эмгэгт хүрсэн жишээ цөөнгүй бий.

Эмч мэргэжилтнүүд хүүхдүүдийн компьютерт донтож буй шинж нь хичээл таслах, сурлагын амжилт нь буурах явдлаар эхэлдэг бол яваандаа даамжирч худлаа ярих, хулгай хийх, ааш зан нь эвдрэх, ууртай догшин болох, хэл яриа нь эвдрэх, айх ичихээ болих, хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татах, зүүдэндээ дэмийрэх, хий юм харах зэрэг байдлаар илэрдэг тухай анхааруулдаг.

Хэдэн жилийн өмнө компьютер тоглоомд донтохыг сэтгэцийн өвчин гэж үздэггүй байсан бол одоо дэлхий нийтэд үүнийг онц аюултай орчин цагийн өвчинд тооцож, ийм өвчинд нэрвэгдэгсдийг эмчлэх төвүүдийгулсаас асар их хөрөнгө мөнгө заран байгуулж, нийтэд зориулсан гарын авлага товхимлыг үй олноор хэвлэн тараах болжээ.

Дэлхийн бүх улс орнууд интернетийн бохир орчноос өсвөр үеийнхэн болоод иргэдээ хамгаалах хуультай энэ хуулиараа насанд хүрээгүйчүүдэд худалдах, ашиглахыг хориглосон сайт, тоглоомын жагсаалтыг баталсан байдаг. Гэтэл дайн дажин, аллага таллага, дээрэм, тонуул, хүчирхийллийг өөгшүүлсэн тоглоомуудаар насны хязгааргүйгээр хонон өнжин тоглож болдог, ийм олон нийтийн үйлчилгээг хүлээн зөвшөөрдөг, энэ талаар хуульгүй орон ганцхан Монгол болоод байна.

Ганц жишээ дурдахад Австрали улс 2012 онд компьютер тоглоомд донтсон 20 мянга гаруй хүүхэд залуус байгааг судлан тогтоосноор “Интернет кафе” нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг PC тоглоомын 6500 гаруй газрыг шууд хааж, тоглоомын сүлжээний бүх эрх мэдлийг Засгийн газар хариуцахаар болсон байдаг.

Ингэж залуусын сэтгэл зүйд хамгийн их хөнөөл тарьж буй “Кибер дайн”-ыг тив улсдаа бүр мөсөн зогсоожээ. Хэдэн жилийн өмнө АНУ-ын Виржини мужид 32 хүн буудаж алсан Солонгосын оюутан залуу компьютер тоглоомын донтон байсныг ойр дотных нь хүмүүс гэрчилсэн байдаг.

Ний нуугүй хэлэхэд бидний үр хүүхэд өнөөдөр эд баялаг, албан тушаал,архи, тамхи гээдбүхэлдээ буруу зуршил, бузар шуналаар дүүрсэн нийгмийн бохир орчинд амьдарч байна. Үр хүүхэд, ач гучаа эрүүл орчинд өсөх боломжийг нь хангахын тулд дэлхийн нийтлэг жишгээр эхний ээлжинд өсвөр үеийнхнийг интернетийн бохир орчноос хамгаалах талаар хуультай болох шаардлагатай байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ