Хятад улс БСШУС-ын салбарт хөрөнгө оруулна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр “Нэг бүс-Нэг зам” төслийг хэрэгжүүлж буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид болон донор байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын хөрөнгө оруулагчид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хөрөнгө оруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлсэн байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Нэг бүс-Нэг зам” төслийг хэрэгжүүлж буй БНХАУ-ын хөрөнгө оруулагч болон донор 26 байгууллагын төлөөлөлд талархлаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцжээ.

БНХАУ-ын "Нэг бүс, нэг зам" санаачилга нь Торгоны замын эдийн засгийн бүс, XXI зууны далайн торгоны замын бүсд хамаарах хөгжлийн стратеги бөгөөд уг санаачилгад багтсан улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой юм. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 2015 оны гуравдугаар сарын 28-нд Торгоны замын эдийн засгийн бүс, шинэ зууны далайн торгоны замыг хамтран байгуулах зорилго, төлөвлөгөө бүхий стратегийн баримт бичгийг гаргасан байна.

Энэ төслийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн таван чиглэл, зургаан коридорыг тодорхойлсон ажээ. Эдийн засгийн коридорын нэг гол чиглэлд нь манай улс багтдаг. Тодруулбал, 2014 оны есдүгээр сард гурван улсын тэргүүнүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Душанбегийн уулзалтаар анх удаа уулзаж Хятад-ОХУ, Хятад-Монгол, ОХУ-Монгол хоёр талт харилцаануудад үндэслэсэн гурван талт хамтын ажиллагааг хэлэлцсэн билээ. Энэхүү уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны чиглэл, үндсэн хамрах хүрээг зарчмын хувьд тодорхойлсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ