“Цагдаагийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ


“Цагдаагийн алба ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг эхлүүллээ.
Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан орон нутгийн 16, нийслэлийн 10 ажилтан, нийт 26 алба хаагч оролцож байна. Тэд энэхүү сургалтад хамрагдан хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэх бөгөөд хүний эрхийн сургалтыг өөрийн байгууллагадаа бие даан явуулах ур чадварт суралцах юм.
Ингэснээр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах боломж бүрдэж, улмаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйгээр иргэдэд үйлчлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн сургалтыг санаачлан зохион байгуулагчдын зүгээс зорьж байна.
ХЭҮК, ЦЕГ-ын хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй "Цагдаагийн алба ба Хүний эрх” сургалтад оролцогчдод ном гарын авлага, хэрэгцээт мэдээлэл бүхий DVD зэрэг хэрэглэгдэхүүнээр хангана. Сургалт гурван өдөр үргэлжлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ