"Амиа алдсан 13 настай охины хэргийг мөрдөн байцаалтад буцаасан"


Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Э.Мөнхгэрэл 2018 оны эхний улирлын шүүн таслах мэдээ, олны анхаарал татсан хэргийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Олон нийтийн анхаарлын төвд байсан олон улсын тоймч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хүчирхийлэхийг завдсан гэж үзээд есөн жилийн хорих ял оноосныг давж заалдах шүүх хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
13 настай охин буудалд амиа алдсан хэрэг Д.Жавхлан, М.Амарболд гэсэн хоёр холбогдогчтой. Анхан шатны шүүхээс хэрэгт дутуу мөрдөн байцаалт явуулсан байна гэж үзээд шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцаасан. Үүн дээр прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүхэд хэргийг хянаад, мөрдөн байцаалтад буцаасан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг 2017 онд манай шүүхээс шийдвэрлэж байсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр Улсын Дээд шүүхээр хянагдаад хэргийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх шийдвэрлээд прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүхэд хэрэг нь ирсэн. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгоод анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа” гэв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 онынэгдүгээр улиралд 258 эрүүгийн хэрэг, 66 зөрчлийн хэрэг, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хууль буцаан хэрэглэх ажиллагаанд гаргасан давж заалдах гомдлын 13 хэргийг тус тус шийдвэрлэсэн ба нийт давж заалдах журмаар 364 хэргийг шийдвэрлээд байна.
Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангитай онлайнаар холбогдож өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 83 шүүгдэгч, ялтны хүсэлтийг хүлээн авч 69 удаагийн онлайн шүүх хуралдаан хийсэн. Харин 2018 оны нэгдүгээр улиралд 114 шүүгдэгч, ялтны хүсэлтийг хүлээн авч онлайн шүүх хуралдааныг 92 удаа явуулжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар өссөн үзүүлэлттэй байна”гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ